МХБ эхний улиралд 5.3 тэрбум төгрөгийн арилжаа явуулжээ

img

Монголын Хөрөнгийн бирж улирлын тайлангаа гаргажээ. Энэ оны эхний гурван сарын байдлаар МХБ дээр үнэт цаасны арилжаа нийт 62 удаа явагдаж, 110 ХК-ийн 3.4 сая ширхэг үнэт цаасыг 5.3 тэрбум төгрөгөөр арилжаалж, өдөрт дунджаар 85.9 сая төгрөгийн гүйлгээ хийсэн байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 70 компанийн үнэт цаасны ханш өссөн бол 30 компанийн үнэт цаасны ханш буурч, 10 компанийн үнэт цаасны ханш тогтмол байсан талаар МХБ-ээс мэдээллээ.

Нийт үнэт цаасны арилжигдсан ширхэгийн 90.47 хувь, үнийн дүнгийн 95.9 хувийг идэвхтэй арилжаалагдсан “Ремикон”, “Э-Транс ложистикс”, “Гермес центр”, “Женко тур бюро”, “Хөх ган”, “Дархан гурил тэжээл” зэрэг 30 компанийн үнэт цаас эзэлж буй аж.

Тайлант хугацаанд ТОП-20 индексийн дээд үзүүлэлт 17153.80 нэгж, доод үзүүлэлт 15139.64 нэгж байжээ. Өмнөх оны эхний улирлатай харьцуулахад ТОП-20 индекс 761.78 нэгжээр буюу 4.90 хувиар өсч, 16304.02 нэгж болсон байна.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ