Орон сууцны үнэ өмнөх улирлаасаа 2.3 хувиар өсчээ
Орон сууцны 8 хувийн хүүтэй зээл гарснаас хойш 10 орчим сар өнгөрчээ. Энэ хугацаанд Монголбанкнаас гаргасан мэдээлэлд банкууд 17632 зээлдэгчийн нийт 500.3 тэрбум төгрөгийн орон сууцны зээлийг дахин санхүүжүүлж, 8 хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлсэн байна. Мөн шинээр орон сууц худалдан авахыг хүссэн 17019 иргэнд 947.6 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл олгохоор шийдвэрлэжээ.
.
Тэгвэл энэ хугацаанд ҮСХ-ны улирал тутамд гаргадаг мэдээллээс харахад ипотекийн зээл олгож эхэлснээс хойш орон сууцны үнэ тогтмол өссөөр ирсэн байна. Тухайлбал, дээрх зээлийг 2013 оны 6 дугаар сарын 24-өөс олгож эхэлснээс хойш буюу өнгөрсөн оны III улиралд Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт орон сууцны үнэ 2012 оны мөн үеэсээ 32.2 хувиар өсчээ. Харин 2013 оны жилийн эцсээр 1970 оноос өмнө барьсан орон сууцны үнэ нийслэлийн төвийн 6 дүүрэгт 4.1-7.6 хувиар, 1970-2001 онд ашиглалтад орсон орон сууцных 5.9-8.1 хувиар, 2002 оноос хойш барьсан орон сууцны үнэ 7-9.9 хувиар өмнөх III улирлаасаа өссөн байна.
.
Түүнчлэн өнгөрсөн 7 хоногийн сүүлчээр олон нийтэд танилцуулсан эхний улирлын орон сууцны үнийн индексийн мэдээнд 2013 оны IV улиралтай харьцуулахад шинэ буюу 2002 оноос хойших барьсан орон сууцны үнэ төвийн 6 дүүрэгт 1.4-5.2 хувь, 1970-2001 он хүртэлх орон сууцны үнэ 1-4.3 хувь, харин 1970 оноос өмнөх хуучин орон сууцны үнэ 0.6-1.5 хувиар өссөн мэдээ гарчээ. Дүүргээр нь задалж үзвэл Сонгинохайрхан дүүрэг 4.3 хувь, Хан-Уул дүүрэгт 2.6 хувь, Баянгол, Баянзүрх дүүрэгт тус бүр 2 хувь, Сүхбаатар дүүрэгт 1.9 хувь, Чингэлтэйд 0.9 хувиар байрны үнэ өссөн байна. Нийслэлийн 6 дүүрэгт орон сууцны үнэ дунджаар өмнөх улирлаасаа 2.3 хувиар өссөн бол жилийн өмнөхөөс 34.9 хувиар өсчээ.
:
Жилийн өмнөхөөс цемент 1400 төгрөгөөр буурав
.
Харин барилгын материалын үнэ ханшийг тогтоохдоо ҮСХ эх орны үйлдвэрийн болон ОХУ, БНХАУ, БНСУ-д үйлдвэрлэсэн үндсэн 24 нэр төрлийн материалын дундаж үнийг мэдээндээ ашиглажээ. Үүнээс харахад өнгөрсөн жилийн эхний улиралтай харьцуулбал энэ оны 3 дугаар сард эх орны үйлдвэрийн 1 ам метр вакуум цонхны үнэ 8000 төгрөг буюу 8.9 хувь, шалны банз 40 мянган төгрөгөөр буюу 20 хувиар өсчээ. Улаан тоосго 66, хөнгөн бетон 13200 төгрөгөөр буурсан байна. Мөн Хятадад үйлдвэрлэсэн цемент 1400, гадна эмульс 3000 төгрөгөөр үнэ нь хямдарсан аж. Харин шалны хавтан 650, төмөр хаалга 22500, дүүжин тааз 100 төгрөгөөр үнэ нь өсчээ. Түүнчлэн Солонгос ханын цаасны үнэ 1800, Оросын боодол чулуутай, хар цаасны үнэ 2000 төгрөг буюу 10 хувиар өнгөрсөн оны жилийн эцсээс өссөн талаар ҮСХ-ны мэдээлэлд дурдсан байв.
.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ