Амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэлээ
2001 онд Монгол Улсад тохиолдсон зудын гамшгийн үеэр дэлхийн хандивлагч улс орнуудад хандаж тусламж хүссэн уриалга гаргасны дагуу нөхцөл байдалтай танилцах, гамшгийн хор уршгийг арилгахад үнэлгээ хийх зорилготой хүмүүнлэгийн үйлсэд оролцож яваад 2001 оны 1-р сарын 14-нд Увс аймгийн Малчин суманд болсон МИ-8 нисдэг тэрэгний ослоор харамсалтайгаар амь үрэгдсэн хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээг Гадаад харилцааны яам, Онцгой байдлын ерөнхий газар, Монгол дахь Нэгдсэн үндэстний байгууллага хамтран зохион байгуулав.
Энэхүү хүндэтгэлийн дурсамжийн арга хэмжээнд амь эрсэдсэн хүмүүсийн гэр бүлийнхэн, НҮБ-ын системийн байгууллагын Суурин төлөөлөгч нар, АНУ, Япон, ИБУИНВУ-ын Элчин сайдын яамд, олон улсын байгууллагын төлөөлөгчид болон хүмүүнлэгийн ажиллагаанд оролцож явсан нөхөд, хамт олон нь хүрэлцэн ирсэн байлаа. Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж ГХЯ-ны дэд сайд Б. Болор, НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Сезин Синаноглу, амь эрсэдсэн хүмүүсийн ар гэрийнхэний төлөөлөл Ш.Отгонбилэгийн Содбилэг, хурандаа Ч. Тогоо, “Баярмаа” сан, Мэтью Гирвины нэрэмжит сангийн төлөөлөгчид үг хэллээ.
Эрдэнэт хүмүүсийг дурсвал: Монгол Улсын иргэн, УИХ-ын гишүүн, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Ноён Шагдарын Отгонбилэг, ХБНГУ-ын иргэн, НҮБ-ын Гамшгийн үнэлгээ зохицуулалтын газрын шинжээчдийн багийн ахлагч (UNDAC) , Хүмүүнлэгийн үйл ажиллагааг зохицуулах газрын (OCHA), Ази Номхон далайн бүсийн гамшгийн хор уршгийг арилгах арга хэмжээг зохицуулах салбарын дарга Хатагтай Сабине Метцнер-Страк, Их Британи, Умард Ирландийн Нэгдсэн Вант Улсын иргэн, НҮБ-ын Гамшгийн үнэлгээ, зохицуулалтын газрын шинжээчдийн багийн гишүүн (UNDAС), Жерси мужийн Байгаль орчин, төлөвлөлтийн газрын Байгаль орчны үйлчилгээний хэлтсийн захирал Ноён Жерард Ле Клэйр, АНУ-ын иргэн, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн хөтөлбөрийн ажилтан Ноён Матью Гирвин, Монгол Улсын иргэн, Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн хөтөлбөрийн ажилтан Хатагтай Батчулууны Баярмаа, Монгол Улсын иргэн, Гамма агентлагийн гэрэл зурагчин Ноён Цэвэгмидийн Батзориг, МИ-8 нисдэг тэрэгний техникч, Ноён Дашдаваагийн Отгон, Япон Улсын иргэн, NHK ТВ-ийн сэтгүүлч Ноён Такахиро Като, Япон Улсын иргэн, NHK ТВ- ийн зураглаач Ноён Минору Масаки нар байсан юм.
Энхийн цагт хүмүүнлэгийн үйлсэд оролцож яваад алтан амиа алдсан хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэж, зорьж тэмүүлж байсан их үйл хэргийг үргэлжлүүлж яваа хүн бүрт талархал илэрхийлье.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ