Оюуны өмчийн үзэсгэлэн яармаг болно

img

Дэлхийн оюуны өмчийн өдөр буюу дөрөвдүгээр сарын 26-ны өдрийг тохиолдуулан Оюуны өмчийн газар Төмөрлөг, машин үйлдвэрлэлийн холбоо, Монголын зохион бүтээгчдийн холбоотой хамтран оюуны өмчийн яармаг худалдааг Чингисийн талбай дээр зохион байгуулахаар болсон байна. Энэ талаар Оюуны өмчийн газрын мэдээлэл сурталчилгааны хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ, тус газрын төлөвлөлт, бодлого зохицуулалт хамтын ажиллагааны хэлтсийн дарга Л.Ариунаа, Монголын зохион бүтээгчдийн холбооны тэргүүн С.Дэмбэрэл, Төмөрлөг машин үйлдвэрлэлийн холбооны тэргүүн Д.Жаргалсайхан, МҮОНРТ-ийн “Залуу зохион бүтээгч” нэвтрүүлгийн продюсер Ч.Лодойравсал нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Үзэсгэлэн яармагт Монголын өнцөг булан бүрээс ирсэн зохион бүтээгч, үндэсний үйлдвэрлэгчид оролцож өөрсдийн бүтээлээ танилцуулах юм байна. Мөн тус яармагт оролцох хүсэлтэй иргэд, албан байгууллагуудын бүртгэл оюуны өмчийн газарт нээлттэй явагдаж байгаа аж.

МЗБХ-ны тэргүүн Д.Жаргалсайхан “Энэхүү яармаг худалдаа нь үйлдвэржилтийг дэмжих том алхам болохоос гадна бүтээлч иргэдэд эрч хүч өгөх, тэднийг дэмжих зорилготой юм. Ер нь монгол улсад металл, машинт үйлдвэрлэлийн салбар хөгжиж байж бид 300-аад мянган хүнийг ажлын байртай болгох томоохон боломж бололцоо бий болно. Өнөөдөр манай улс энэ зах зээл дээр ажиллаж, ашиглаж  чадахгүй байна. Энэ хэрэглээний зах зээлээс үүдэх мөнгөн урсгалыг гадаад руу алдах бус дотооддоо эргэлдүүлэх хэрэгтэй. Энэ үүднээс бид оюуны өмчийг олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулж байгаа юм” хэмээн хурлын төгсгөлд онцолсон юм.

Дашрамд дуулгахад, дэлхийн оюуны өмчийн өдрийг тохиолдуулан Оюуны өмчийн газраас жил болгон тодорхой арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил “Кино урлаг дэлхийн гайхамшиг” гэсэн уриан дор зохион байгуулахаар болсон байна.

Б.Нямсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ