Д.Сугарыг цэцийн гишүүнээс түдгэлзүүлэх асуудлыг хойшлуулав
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар таван асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч нэг асуудлыг хэлэлцэхийг хойшлуулан, хоёр асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан. Хэлэлцэх асуудлын жагсаалтын хамгийн сүүлд байсан Авлигатай тэмцэх газрын 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 01/2676 албан тоотоор тавьсан Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс түдгэлзүүлэхийг шаардсан асуудлыг хойшлуулах саналыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт гаргасан юм. Тэрбээр, "Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарт Үндсэн хуулийн цэц хариуцлага тооцох шийдвэр гаргасан юм байна. Энэ асуудлыг УИХ хэлэлцэх нь зүйд нийцэх үү. Үндсэн хууль зөрчсөн асуудал болох вий гэж санаа зовж байна. Хуульд заасан үндэслэлийг судалъя. Тиймээс асуудлыг хэлэлцэхийг хойшлуулья" гэсэн.
5
УИХ-ын гишүүн О.Баасанхүү, УИХ энэ хүнтэй хариуцлага тооцох үндэслэл бий эсэхийг нягтлах хэрэгтэй гэсэн саналтай байлаа. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, энэ асуудал Байнгын хорооны эрх хэмжээний асуудал биш гэж үзэж байгаагаа илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Үндсэн хуулийн цэц арга хэмжээгээ авчихаад байхад бид батлах юм уу, өөр ямар нэг арга хэмжээ авах ёсгүй. Энэ бидний хэлэлцэх асуудал биш гэлээ.
5
Харин УИХ-ын дарга З.Энхболд, асуудлыг тодруулахын тулд хэлэлцэхийг хойшлуулж болно гэсэн саналтай байлаа. Ингээд санал хураалт явуулахад гишүүдийн олонх асуудлыг тодруулсны дараа хэлэлцье хэмээн санал нэгдсэн тул хэлэлцэхийг хойшлуулсан юм.
6
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа очсон шаардлагын дагуу Д.Сугарын цалинг 30 хувиар бууруулжээ. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар Японы Токио хотын Адачи дүүргийн Шиндэн хороололд 535 сая төгрөгийн үнэтэй байр авсан ч 2008, 2009 оны хөрөнгө орлогодоо мэдүүлээгүй.Уг байраа 2010 онд зарсан ч орлого болох 535 сая төгрөгийг мөн л хөрөнгө орлогодоо мэдүүлээгүй.
6
Хонгконгийн “Эйч Эс Би Си” банкин дахь оффшор данс болон МИАТ-ийн захирал асан Ч.Хоролсүрэнгийн нэр дээр хадгалуулсан мөнгөний талаар 2007 оноос хойш мэдүүлээгүй. 2011 онд Солонгосын Чэжүд 600 сая вонноор худалдаж авсан байраа 2012 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй зэрэг нь тодорхой болсон талаар эх сурвалжууд мэдээлж байгаа юм.
5
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ