Донецк мужид террористын эсрэг ажиллагаа эхэллээ
Украины зүүн хязгаарын Донецк мужийн Засаг захиргааны байрыг эзэлж, эмх замбараагүй байдал үүсгэсэн Оросын талыг баримтлагчдын эсрэг Киевийн эрх баригчид цэргийн хүч хэрэглэж эхэлсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Украины түр Ерөнхийлөгч Александр Турчинов Оросыг дэмжигчдэд сануулсныхаа дагуу өнөөдөр 9.22 цагт Донецк мужид террористын эсрэг цэргийн тусгай ажиллагааг эхлүүлсэн байна. А.Турчинов зүүн хэсгийн нутаг дахь салан тусгаарлагчдыг зэвсгээ хураалгаж, нутгийн захиргааны байруудыг суллахгүй бол террористын эсрэг бүрэн хэмжээний цэргийн ажиллагаа явуулахаа өмнө нь анхааруулж байсан юм. Украины зүүн хэсэг дэх Оросыг дэмжигчдийн эсрэг цэргийн тусгай ажиллагаа эхэлмэгц Донецк мужийн Краматорск хотын нисэх онгоцны буудалд цэргүүдийг тээвэрлэсэн хоёр нисдэг тэрэг газардсан тухай “Trud.com” мэдээллээ.
Украины Донецк, Луханск, Харьков мужуудад Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчид захиргааны байруудыг эзэлсэн юм.
Энэ бүх үйл явдлын улмаас нөхцөл байдлыг хурцатгаж, иргэний дайны эхлүүлсэн хэмээн Киевийн Засгийн газрыг ОХУ-ын эрх баригчид буруутгажээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ