Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хаалттай хуралдаж байна

img

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан үдээс хойш хуралдаж, Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөсөн юм. Харин УИХ-ын гишүүн Сү.Батболд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн гадаадын зарим оронд суух Элчин сайд нарыг томилох тухай асуудлыг хэлэлцэх асуудлын дараалалд оруулж хэлэлцүүлэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн тул эхлээд Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ.

Тус байнгын хорооны өмнөх хуралдаан дээр зарим гишүүдээс гаргасан саналын дагуу гадаад харилцааны салбарын бодлогын баримт бичгийн хэрэгжилт, гадаад бодлогын асуудлаар шийдвэр гаргах механизмыг боловсронгуй болгох, хариуцлагажуулах байдалд дүгнэлт хийж, санал дүгнэлтээ Байнгын хорооны хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг Ажлын хэсгийн удирдамжийн төслийн хамт боловсруулжээ.

Тогтоолын төсөл болон Ажлын хэсгийн удирдамжийн төсөлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд Гадаад харилцааны сайд Л.Болд болон Байнгын хорооны даргаас асуулт асууж тодруулах үеэр Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг асуудлыг хаалттай хэлэлцэх горимын санал гаргав. Уг саналын хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Байнгын хорооны хуралдаан хаалттай горимд шилжин хуралдаж байна.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ