Венесуэлийн оюутнууд хөл нүцгэн жагсав
Сөрөг хүчнээр удирдуулсан 1000 гаруй оюутан, залуус Венесуэлийн нийслэл Каракас хотноо Колумб улсын гадаад хэргийн сайд Мариа Ангела Холгуйны айлчлалыг эсэргүүцэж хөл нүцгэн жагссан тухай “www.greenwichtime.com” мэдээллээ. Тус жагсаалыг зохион байгуулж буй оюутнууд “Колумбын гадаад хэргийн сайдын айлчлал Венеусэл улсад хямрал авчрах болно. Ерөнхийлөгч Николас Мадура эсэргүүцлийн жагсаал болон эмх замбараагүй байдлыг овжиноор ашиглаж, улс орнуудаас тусламж авахыг оролдож эхэллээ. Бидний хөл нүцгэн жагссан шалтгаан бол “Бидний амь нас гуталгүй хөл шиг хэврэг байна. Бид урагшлах тусам хөл минь өвдөж, шархлах болно. Венесуэлд гадаадын ямар ч эрх мэдэлтэн хөл тавих нь хямрал авчирч, эмх замбараагүй байдлыг өөгшүүлэх болно” гэжээ.
Өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн Венеусэл улсын таван хотод сөрөг хүчнийхэн Засгийн газар, Ерөнхийлөгчөө огцрохыг шаардаж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан юм. Сөрөг хүчний жагсаалыг тарааж, хүчийг нь сулруулахын тулд Николас Мадура цэргүүдэд галт зэвсэг хэрэглэхийг зөвшөөрсөний улмаас 23 хүн амиа алдаж, 100 гаруй хүн гэмтсэн билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ