Ц.Цолмонбуд: Миний эх орны үзэгчдийн алга ташилт нь нэг л өөр
Хөгжим бүжгийн коллежийн Д.Дашлхагва багшийн шавь Балетын тэргүүлэх зэргэлэлийн гоцлооч Ц.Цолмонбудтай ярилцсанаа хүргэж байна. Тэрээр 2003 онд Хөгжим бүжгийн коллежийн төгсөөд, 2003-2006 оны хугацаанд Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрт гоцлол бүжигчнээр, 2006-2008 он хүртэл Японы балетын компанид гоцлол бүжигчнээр ажиллаж байжээ. 2008 оноос өнөөг хүртэл Өмнөд Солонгос улсын балетын компанид гоцлол бүжигчнээр ажиллахаас гадна Чуннамын их сургуульд балетын багшаар ажилладаг юм байна. Түүнтэй ярилцаж суухдаа санаснаар болдог бол гаднын оронд бүжиглэж байгаа чадварлаг балетчдаа авчраад өндөр цалинг нь өгөөд эх орныхоо УДЭТ-таа бүжиглэхийг нь үргэлж харахсан гэж бодож суусан юм.
s
-Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг гаднын олон улсад амжилттай бүжиглэж байгаа гэдгээр нь монголчууд түүнийг сайн мэднэ. Харин бусад улс оронд түүнээс дутахгүй амжилттай бүжиглэж байгаа балетчдын талаар мэдээлэл хомс байдаг. Холоос ирсэн хүнээс үг сонс гэдэг. Өмнөд Солонгос улсад балетын урлаг хэрхэн яаж хөгжиж байна даа?
-Монголын балетыг ганцхан Д.Алтанхуяг гэдэг хүнээр ойлгодог. Д.Алтанхуягаас өмнө ч Монголын гайхалтай балетчид гаднын театрт очиж бүжиглэж байсан шүү дээ. Монголчуудын балетын тухай ойлголт нь орос, Европыг мундаг гэж ойлгож ярьсан хэвээр байх шиг байна. Азийн орнууд Монголоос бусад нь муу гэж ойлгодог. Монголын театрын хувьд дуурь, балет хамтарсанаараа Азидаа байгуулагдсан анхны театр мөн. Харин одоо бодит байдал дээр бүх зүйл өөрчлөгдсөн гэдгийг ойлгож харах хэрэгтэй. Дэлхийн бүх л том тэмцээнүүдэд Азиас Япон, Солонгос, Япон, Солонгос болсон байна. Тиймээс сонгодог урлагт энэ хоёр улс хүчээ авч эхэлж байна. Европ, Америк зэрэг улс модерн болчихсон. Сонгодог балетыг жилдээ ганц л тоглож байх жишээтэй. Сонгодог урлаг олон жил хөгжсөн газрын хүмүүс сонгодог урлагаа төдийлөн үзэх сонирхолгүй болж ирмэгц тэрхүү сонгодог урлаг нь одоо Ази руу чиглэж байна.
as
-Өмнөд Солонгосын Дуурь, балетын унаган театр нь хэдэн жилийн түүхтэй ямар газар байдаг юм бэ?
-Бас л ялгаагүй 50 жилийн түүхтэй. Маш том байгууллага бий. Барилга байгууламж нь гэхэд бүхэл уулын амыг эзлэсэн цогцолбор бий. Барилгыг нь хараад л дуу алдмаар. Солонгосын балетын гоцлол бүжигчид дэлхийн том театруудад нэгдүгээр гоцлолыг хийж байна.
sa
-Балет гэлтгүй дэлхийн томоохон дуурийн дуулаачдын тэмцээнд солонгос дуучид сүүлийн жилүүдэд хүчтэй өрсөлдөгч болж ирж байгаа гэдэг. Балетчид нь дэлхийн театруудад бүжиглэж байна гээд бодохоор Өмнөд Солонгос улс сонгодог урлагаа хөгжүүлэхийн тулд төр засгаас хэрхэн яаж дэмждэг юм бол?
-Солонгос улсын төр засгийн бодлого урлагийн салбарт нь маш хүчтэй явагддаг. Драмын төрөл нь гэхэд хүмүүжлийн зорилготой байх жишээтэй. Одоо ч гэсэн монголд орж ирж байгаа кинонууд нь том гүрний бодлого байх. Миний мэдэж байгаагаар шинэ балет тавих болоход улсаас нь хөрөнгө оруулалт хийх зардлаа мэдэгдэж улсын хэмжээнд ажиллаж байгаа балетын компануудын дунд сонгон шалгаруулалт явуулдаг. Тэд шинэ балетыг тавихын тулд театрууд нь хоорондоо эхлээд өрсөлдөх жишээтэй. Мөн гадаадад ажиллаж байгаа солонгос уран бүтээлчтэйгээ маш нягт холбоотой байдаг. Гадаад улс оронд ажиллаж байгаа уран бүтээлчдээрээ маш их бахархдаг. Тэднийгээ дэмжин тухайн улс орных нь театрын уран бүтээлчдийг эх орондоо авчирч тоглуулах жишээтэй.
a
-Балетчдыг бэлтгэж байгаа багш нар нь ямар хүмүүс байдаг юм бэ?
-Багш нар нь ихэвчлэн гаднын улс орноос уригдан ирсэн хүмүүс байна. Хэдэн жилийн өмнөөс Оросын шилдэг гэсэн балетын багш нар Солонгост очоод амжсан юм билээ. Магадгүй үүний үр дүнд Солонгос улс балетын урлагаараа дэлхийд хурдтайгаар асар өндөр үсрэлттэйгээр гарч ирж байгаа болов уу. Балетын амжилт бол яг л спорт шиг дасгалжуулагч багшаас амжилт нь хамаардаг онцлогтой урлаг шүү дээ. Энэ бүхнийг улсаас нь зохион байгуулж байна. Монгол ч ялгаагүй энэ жишгээр ажиллаасай гэж хүсч байна. Ингэх юм бол дотоодод ажиллаж байгаа балетчид маань гаднын хүмүүстэй ажиллаж үзнэ.
as
-Солонгосын үзэгчид тоглолтыг хэрхэн хүлээж авдаг вэ?
-Солонгосын бас нэгэн бодлого бий. Энэ нь заавал том театр гэлтгүй жижиг театрууд ихээр ажилладаг. Энэ нь үзэгчидтэйгээ ойрхон байдаг. Тоглох гэж буй балетаа тайлбарлан ярьж ойлгуулж үзүүлдэг тусдаа дүүрэг байдаг. Энэ театр залуу үзэгчдийг сургадаг. Шууд том театр руу орохоор зарим үзэгчид биеэ бариад эхэлдэг. Хэзээд нь алга ташихаа мэддэггүй. “Браво” гэж хэлэх юм уу “Брава” гэж хэлэх юм уу энэ бүгд хэллэг нь хүртэл өөр байдаг учраас театрын соёлд шууд хавчигдаад ичээд, нойр нь хүрсэн үзэгчтэй байхаас болгоомжилж байгаа хэрэг. Багаас нь үзэгчдэд театрын соёлыг ойлгуулж байгаа хэрэг. Хэзээ нь алга таших ёстой, балет гэдэг ер нь юу болох зэргийг тайлбарлан үзүүлэх систем нь маш сайн хөгжсөн.
a
-Сонгодог урлагийн боловсрол олгох тал дээр анхаардаг байх нь тийм үү. Ач холбогдол нь юу байх бол?
-Яг тийм. Ойлгож хүлээн аваад үзэхээр бүгд баяртай байдаг. Балет гэдэг ийм зүйл байсан юм уу гээд дараа нь цаг зав гармагц балет үзэх хүсэлтэй болж байна гэж жижиг театрт очсон хүмүүс нь ярьдаг. Балетыг хүн бүр заавал үзэх албагүй. Гэвч хэдэн зуун жилийн түүхтэй сонгодог урлагийг мэдлэгтэй иргэн байх нь чухал. Хамгийн гол нь Солонгосчууд манай улс балетаараа ямар төвшинд явж байгаа вэ гэдгээ үзэгчиддээ заавал хэлж өгснөөр эх орноороо бахархах сэтгэлийг өдөөж өгдөг.
a
-Япон, Солонгосчууд дуурь, балетдаа жирийн иргэдээс нь авхуулаад төр засаг нь хэр зэрэг хүндэтгэлтэй ханддаг болохыг та анзаарав уу?
-Аль ч улс орны ардын урлагаар нь өнгөрсөн үеийг, сонгодог урлагаар нь одоо үеийг нь толидон харж болно гэдэг. Тиймээс сонгодог урлаг нь гялалзах тусам тухайн улс орны хөгжил дэвшил гадныханд тэр хэрээр харагдана. Сонгодог урлаг бол олимптой зүйрлэж болохуйц дэлхийн хэл шүү дээ. Ер нь аль ч улс орны өнгө төрхийг сонгодог урлагаар нь тодорхойлдог. Тиймдээ ч сонгодог урлагаа хөгжүүлэх нь эх орноо хөгжүүлж байгаатай адил. Солонгос, Япончууд нь ихэд үндэсэрхэг хүмүүс. Японы нэгэн судалгаагаар бараг бүх л хүмүүс нь балетаар хичээллэсэн байдаг.
a
-Харин тийм. Японд жирийн иргэн нь балетаар хичээллэдэг гэдгээрээ маш их бахархдаг гэж сонссон юм байна.
-Тийм. Бүх хүн балетчин болох албагүй гэвч Японд ихэвчлэн эмэгтэй хүүхдүүд нь 4-5 наснаасаа эхлээд балет эсвэл төгөлдөр хуураар хичээллэдэг. Японы балетын зах зээл өргөн байдаг нь үүнтэй холбоотой. Байнга л янз бүрийн тоглолт болж байдаг. Япончууд балетын урлагт маш хүндлэлтэй ханддаг.
a
-Гаднын театрын тайзнаа бүжиглэж байгаад эх орондоо ирээд бүжиглэхэд үүнийг нь илүү сайжруулчих юмсан гэж бодол төрдөг үү?
-Балетыг анх сурсан газраа шүүмжилнэ гэдэг асуудал байж болохгүй. Гаднын улсад ажиллаж байгаа монгол балетчид хааяа хоорондоо холбогдохоороо монголынхоо театрыг, балетыг сайжруулах тухай нэг л зүйлийг ярьдаг. Монголын балетчид уран чадварын хувьд сайн. Яахав амьдралын баталгаа маш бага. Монголд балет бүжиглээд ажиллаж амьдрах амьдралын баталгаа бага учраас л ихэнх балетчид гадагшаа гарч байна. Хамгийн гол шалтгаан нь ердөө л энэ. Тиймээс балетчдын амьдралын баталгаа зэрэгт анхаарах хэрэгтэй. Харамсалтай нь балет бол залуу насны урлаг.
as
-Эх орондоо ирээд бүжиглэхэд сайхан байдаг уу?
-Сайхан байлгүй яахав. Алга ташилт нь нэг л өөр. Энэ чинь миний эх орны үзэгчид шүү дээ гэж бодохоор маш сайхан санагддаг.
as
-Монголын театрт ажиллаж байгаа балетчин сард хагас сая төгрөгний цалин авдаг. Нууц биш бол Солонгосын театрт ажиллаад та хэр хэмжээний цалин авч байна вэ?
-Хангалттай. Нэг тоглолтод гарахад л хагас сая төгрөгөөс илүүг авна. Сарын цалин гэж авна. Нэг удаа тоглолтод бүжиглэхэд л хагас сая төгрөг авахгүй шүү дээ. Түүнээс хэд дахин илүүг авна. Гэхдээ мөнгө яриад яахав дээ.
a
-Гэвч Монголын театртаа тэргүүлэх зэрэглэлийн гоцлооч нь хагас сая төгрөгийн цалин авдаг гэдэг шүү дээ.
-Тиймээс л амьдралаа бодоод хүмүүс гадаад руу гараад байна шүү дээ. Үүнийг хүмүүс Монголоосоо зугатаж гарлаа гэж тайлбарладаг. Гэвч хүн яалт ч үгүй амьдрах ёстой бас хөгжих ёстой. Зарим нь бүжиглэхээ болихоороо Монголдоо ирэх гээд байна гэж ярьдаг. Гэвч эргээд ирэхдээ тэд маш том боловсон хүчин болоод л ирнэ. Суусан цэцэнээс явсан тэнэг дээр гэсэн үг байдаг шүү дээ. Мөн Монголын театрын тайзны гэрэл техникийг солих цаг нь үнэхээр болсон. Сонгодог урлаг дэлхийд ямар стандарттай тайзан дээр явагдаж байгааг хараад харьцуулахаар харамсмаар. Тавин жилийн хугацаанд шинэчлэл хийгээгүй юм шиг байгаа юм. Солонгосын их сургуулийн хотхоны театр гэхэд л Монголд байхгүй стандарттай театр байдаг юм.
sa
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ