Ким Чен Уныг доромжилсон салоныг шүүхэд өгөхөө мэдэгдэв
Хойд Солонгосын элчин сайдын яам Их Британий Дотоод хэргийн яамд гомдол гаргасан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Гомдол гаргасан шалтгаан нь удирдагч Ким Чен Уны зургийг Лондон хотын “M&M Hair Academy” гэх салон зөвшөөрөлгүй сурталчилгаандаа ашиглаж, гутаан доромжилсон гэх шалтгаанаар шалгахыг хүссэн аж.
Их Британий Лондон хотод байрлах Хойд Солонгосын элчин сайд Пак Ён Чол хэлэхдээ “Солонгос улсад эцэг мэт хүндлүүлж буй удирдагч хүний нэр хүнд, гаднах төрхийг нь санаатайгаар гутаан доромжилсон явдалд харамсч байна. Нэн даруй “M&M Hair Academy” салоны удирдлагуудад шийтгэл ноогдуулахыг хүсч байна” гэжээ.
Энэ долоо хоногийн эхээр тус салон Ким Чен Уны үсний засалтыг шоглож, үүдэндээ түүний зургийг байрлуулснаас гадна жуулчдыг татах зорилготой энэ алхмыг хийсэн гэдгээ мэдэгдэж, яамны шалгалтыг эсэргүүцэж байгаа юм.
Харин Хойд Солонгосын дипломатчид гурван хоногийн дотор удирдагчийн зургийг авахгүй бол олон улсын шүүхэд өгөхөө мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ