Энхийг сахиулагчид дайралтад өртсөн иргэдийг аюулаас холдуулжээ
Бүгд найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс 850 хүний бүрэлдэхүүнтэй 3 дахь Мотобуудлагын батальон үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд манай энхийг сахиулагчид цагийн байдал тогтворгүй байгаа тус улсын иргэдийн амар тайван, аюулгүй байдлын төлөө хүнлэг ёсны үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна.
6
Тодруулбал, энэ сарын 14–ний өдөр тус улсын Юнити мужийн Бентью хотын ойролцоох газрын тос олборлох үйлдвэр зэвсэгт босогчдын дайралтад өртөж, ОХУ-ын 5, Украин Улсын 1, Кени Улсын 1, түүнчлэн орон нутгийн 3 энгийн иргэн шархадсаныг аюулгүй газар татан гаргаж, эмнэлгийн яаралтай тусламжийг үзүүлсэн нь НҮБ-ын мандатаар заагдсан энгийн иргэдийг хамгаалах үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн явдал байлаа.
6
Хүний алтан амь аврах эрсдэлтэй үйл ажиллагааг амжилттай зохион байгуулан явуулсан хурандаа Б.Эрдэнэбат захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний 3 дах Мотобуудлагын батальоны нийт бие бүрэлдэхүүнд Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын Энхийг сахиулах “UNMISS” ажиллагааны Цэргийн Хүчний командлагч Хошууч генерал Далил Джонсон Саки талархалын захидал илгээсэн байна.
6Тэрээр захидалдаа: “Хэрэгтэй цагт таны болон танай цэргүүдийн гүйцэтгэсэн шуурхай, шаламгай ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэн хэлэхэд таатай байна. Ялангуяа тэдний зоримог чанар, үүргээ чадварлаг гүйцэтгэсэн арга барил болон цагаа олсон, оновчтой хариу үйлдэл зэргүүдэд дахин талархаж буйгаа илэрхийлье. Таны болон танай цэргүүдийн хийсэн энэхүү ажиллагаа нь үнэхээр бахархууштай үйл хэрэг байсан бөгөөд энэ чанараараа бусад орны цэргийн багуудыг араасаа үлгэрлэн дагуулж ажиллахыг та бүгдээс чин сэтгэлээсээ хүсэж байна” гэжээ.
6
Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад өнгөрөгч оны 12 дугаар сараас хойш омог хоорондын мөргөлдөөн үүсч, дотоодын зөрчил тэмцэл хурцдан, хүчирхийлэл газар авч олон мянган иргэд амь үрэгдэж, орон гэрээсээ даажин дүрвэж байгаа энэ үед Монгол Улсын Зэвсэгт хүчний 3 дахь Мотобуудлагын батальон мандатад заагдсан үүргийнхээ дагуу шаардлагатай бүхий л арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлж байгаа бөгөөд өөрийн хариуцлагын бүс дэх НҮБ-ын цэргийн баазын орчимд 9000 орчим энгийн иргэдийг байрлуулан хамгаалалтад аваад байгаа юм.
6
Өргөсөн тангарагтаа үнэнч цэнхэр дуулгатай Монголын энхийг сахиулагчид НҮБ-ын мандатаар хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж байгаа бөгөөд тэдний сэтгэл санаа тогтвортой, эрүүл мэнд хэвийн, үүрэг гүйцэтгэх боломжтой байгаа талаар ЗХЖШ-ын энхийг дэмжих ажиллагааны хэлтсээс мэдээллээ.
6
Дашрамд дуулгахад, Бүгд найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчин 2012 оноос эхлэн 850 хүний бүрэлдэхүүнтэй батальон илгээж эхэлсэн бөгөөд ЗХЖШ-аас цэргийн багуудтайгаа тогтмол холбоотой байдаг ажээ.
6
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ