Г.Амгаланбаатар: Мэргэжлийн урлагийг анхаараач гэж хашгирмаар санагддаг
Хаврын бороо зөөлөн шивэрсэн жиндүүхэн өдөр УДЭТ-ыг зорьж, жүжигчин Г.Амгаланбаатартай хөөрөлдлөө. Ярилцлагын зочин маань “Урин цагийн эхэн хаврын бороо их сайхан байдаг. Сэтгэл гэгэлзсэн нэг л сайхан мэдрэмж төрдөг юм. Өнөө өглөө чийг үнэртэж, бороо жаахан дуслаад ямар гоё байв. Үнэр нь хүртэл сайхан” гэсээр биднийг угтсан юм. Ингээд та бүхэнд түүний элдэв чимэггүй, шударга, эмх цэгцтэй яриаг хүргэж байна.
ааа
-Таны тоглож буй “Бүүвэй” жүжгийн дүрийн тухай асуултаар яриагаа эхэлье?
-УГЗ найруулагч Н.Ганхуягийн зохиолыг нь бичиж найруулсан “Бүүвэй” жүжигт Очирсүрэн гэдэг залуугийн дүрд тоглож байгаа. Эхнэрээ таван жилийн хугацаанд орхиод АНУ-д ажиллаж, мөнгө хураагаад ирсэн залуугийн дүр. Очирсүрэнг эргээд ирэхэд нь эхнэр нь жирэмсэн болчихсон байдаг. Тэрбээр жирэмсэн эхнэрээ хөөж явуулах уу эсвэл уучлах уу гэдгийг үзэгчид маань ирээд жүжгээс хараарай. Ер нь манай одоогийн нийгэмд гэр бүлийн нэг нь байр, машины мөнгө олохын тулд гадаадад гарч ажил хийдэг тохиолдол зөндөө байна. Гэхдээ үүнээс болж маш олон гэр бүл салдаг. Энэ хөндүүр сэдвийг хөндсөн, эх үрийн ариун нандин холбоо, эхнэр нөхрийн бие биенээ хүндэтгэх хүндэтгэл, хайр, уучлал, хүлээлтийг харуулсан нэгэн жүжгийн гол дүрд тоглож байна даа.
-Очирсүрэнтэй төстэй зүйл танд байна уу?
-Байхгүй. Надаас огт өөр хүн.
-Ингэхэд ер нь та яагаад заавал драмын урлагт хүчин зүтгэх болов?
-Жүжигчний мэргэжлээр төгссөн хүн бүрийн мөрөөддөг газар бол урлагийн ариун сүм УДЭТ. Намайг I курсийн оюутан байхаас л АЖ Ж.Лхамхүү багш маань “чи ер нь драмын жүжигчин болох ёстой, драмаар л явах хүн гэж хэлдэг байсан нь бүр тархи, оюун ухаанд суусан. Надад өөр чиглэлээр явья гэсэн бодол байгаагүй шууд л УДЭТ-т орж ирсэн. Түүнээс хойш 14 жил өнгөрч, энэ урлагт хоёргүй сэтгэлээр зүтгэж нэг үеийг өнгөрөөж байна. Тэр тусмаа нэгэн үеийн олон шижигнэсэн залуучуудтайгаа нийлж, театрын урлагийн өнөө цагийн өнгө төрхийг тодорхойлж байгаадаа омогшиж, бахархаж явдаг. Миний бурхнаас зурсан зураг л энэ байх гэж боддог.
-14 жилийн хугацаанд олон кино, жүжгийн гол дүр бүтээсэн. Энэ бүхнээсээ тэр нь л сайн болсон гэж онцолвол?
-Би өөрийгөө дүгнэх нь хаашаа юм. Бүх дүрдээ сэтгэл зүрх, оюун ухаанаа бүгдийг нь шингээж ажиллахыг хичээдэг дээ.
-Тэгвэл тоглосон кино жүжгүүдээ эргээд үзэхдээ юу олж хардаг вэ?
-Өөрийн тоглосон уран бүтээл болгондоо хайртай байдаг. Эргэн бодож үзэхэд дандаа өөрийнхөө алдаа дутагдлыг л хайдаг.
-Танд яг тийм л дүрд тоглох юмсан гэсэн бодол байдаг уу?
-Мэргэжлийн жүжигчин хүний уран чадвар, чадал чансаа, хүч гээд бүх зүйлийг шавхаж гаргасан дүрд тоглох юмсан гэж боддог. Заавал тийм дүр гэхээсээ илүү.
аа
Жүжигчний жаргал тайзан дээрээ оршдог
ggg
-Жүжигчин хүний жаргал хаана оршдог вэ?
-Ард түмэндээ шинэ бүтээлээрээ бэлэг бариад алаг ташилтаас нь сайхан энерги аваад хөлсөө дуслуулаад ёсолж байх нэгэн жаргал. Үүнийг хүртэхийн тулд хөлс хүчээ шавхан тайзан дээрээ сургууль хийх бас нэг жаргал. Ер нь өөрийн дуртай мөрөөдлийн мэргэжлээ эзэмшиж яваа минь миний аз жаргал.
- “Драмын дөрвөл” хамтлаг энэ ярилцлагын асуухгүй өнгөрч боломгүй асуултын нэг?
-Биднийг 2000 онд театрт орж ирснээс хойш 2003 онд “Мэргэжлийн жүжигчид дуулж байна” гэх улсын уралдаан болсон юм. Тэр уралдаанд бид “Коммунист” нэртэй хамтлаг байгуулаад дээр үеийн улс төрийн сэдэвтэй дуунуудаар попури хийж дуулаад түрүүлчихгүй юу. Шагнал нь ч тухайн үедээ өндөр байсан. Тэгээд урам ороод мартагдах дөхсөн хуучны орцны дуунуудыг сэргээж дуулья гээд дуулсан. 2005 онд санаагаа хэрэгжүүлээд цомог гаргасан чинь бидний төсөөлж байснаас илүү амжилтыг авчирсан. Олон ч хүнийг айлгаж, цочролд орлуусан байх. Тэр үед бид нар жүжгийн болон киноны уран бүтээлээрээ олонд танигдаж байсан учир үзэгчид маш шинэлэг, соргогоор сайхан хүлээж авсан. Тиймээс л их амжилттай болон болов уу гэж боддог. Манай хамтлаг урын сандаа хоёр цомог, хоёр бие даасан тоглолттой. Одоо бол шинэ жил зэрэг үйл ажиллагаанд энд тэнд уригдаж дуулж байгаа л даа. Харин Н.Наранбаатар маань Төрийн соёрхолт хүртснээсээ хойш бидэнтэй хамт тайзан дээр гарч дуулаагүй байгаа. Төр засгаас зөвхөн найруулагчийнх нь уран бүтээлд зориулж олгосон шагнал болохоор тайзан дээр дуулж болох ч юм уу үгүй ч юм уу тиймээ /инээв/. Камертоны Д.Болдоогийн хувьд бол Монгол попийг нь үнэлж өгсөн шагнал болохоор өөр. Өнгөрөгч шинэ жилээр Эби, Боогий бид гурав л дуулж явах шив дээ драмын гурав болчихсон /инээв/. Нэг хөгжилтэй юм хэлэхэд Төрийн соёрхолттой хоёр хамтлаг байдаг юм байна гэж ярьж байгаа. Камертон манай хоёр /инээв/.
-Таныг өнгөрөгч онд Алтангадас одонгоор шагнасан. Төр засгаас хийж бүтээснийг тань үнэллээ?
-Тэгэлгүй яахав. Би өнгөрөгч оны 12 дугаар сарын 30-нд Төрийн дээд одонгоор энгэрээ мялаасан. Энэ шагналыг миний драмын урлагт хоёргүй сэтгэлээ зүтгэж өдийг хүрсэн сэтгэлийг минь үнэлж, цаашдаа олон сайхан уран бүтээл хийгээрэй гэж өгч буй урмын ташуур хэмээн их баярлаж, хүндэтгэн хүлээж авсан.
-Хүмүүс Г.Амгаланбаатарыг тайзан дээрх жүжигчнээр л төсөөлдөг, мэддэг. Та бодит амьдралын тайзан дээр хэр сайн жүжигчин бэ?
-Би эхнэр, хүү, охинтойгоо дөрвүүл амьдардаг. Хүү маань одоо 15 настай. Би чинь оюутан байхдаа 21 настайдаа аав болж байлаа. Охин маань одоо таван настай миний ганц жанжин байна даа. Эхнэр хүүхдүүд маань хэр сайн аав бэ гэдгийг хэлэх байх. Ер нь өөртөө жаахан шүүмжлэлтэй ханддаг. Гэхдээ сайн аав, гэрийн эзэн байх юмсан гэж боддог. Залуу байхад уран бүтээл ихтэй үед анхаарал халамж тавихгүй явдаг байсан. Одоо нас тогтоод ирэхээр арай өөр болж байгаа, тэр утгаараа гайгүй үнэлгээ авч байгаа болов уу гэж бодож байна. Урьд нь D авдаг байсан бол одоо B, C авч байгаа байх /инээв/.
-Та хэзээ хамгийн ихээр баярлаж байсан бэ?
-Хүний амьдрал чинь баяр гуниг ээлжилж байдаг зүйл шүү дээ. Их баярлаж байсан гэвэл анх хүүгээ, охиноо төрөхөд баярлаж байсан. Анхны дүрээ авахдаа, сургуулиө төгсөхдөө гээд л баяртай мөчүүд их бий. Эдний дундаас хамгийн анх аав болж байсан үе минь юм даа. Залуу ч байж, оюутан ангийнхаа хамгийн анхны аав болж байлаа. Уйлаад л /инээв/.
-Ингэхэд ямар асуудал таны сэтгэлийг эмзэглүүлж, санааг тань зовоож байна?
- Драмын болон сонгодог урлагийг төр илүү их анхаарал халамждаа аваач гэж хэлмээр, хашгирмаар байдаг. Урлаг гэдэг чинь тухайн орны нүүр царай. Урлаг сөнөх юм бол улс мөхнө л гэсэн үг. Сонгодог урлаг, драмын урлаг үндэсний урлагаа Төр засгаас 100 хувь дэмжиж байх ёстой гэж боддог юм. Гэтэл театр, хувийн продакшн хоёроо ялгаж мэдэхгүй яамны сэтэртэн тушаалтан болчихсон хүмүүс мэргэжлийн театрыг хувийн продакшнтай харьцуулдаг. Хувийн продакшны менежментээр энэ том хөлөг онгоц чинь явдаггүй л байхгүй юу. Тухайлбал, Москвагийн “Большой”, “Малый” театрын уран бүтээлчид доод тал нь 4000 еврогийн цалинтай ч илүү өндрийг авахын тулд өөр газар очиж ажилладаг. Гэтэл бид нар 400-500 мянган төгрөгийн цалинтай, урлагтаа үнэнч хайртай гээд л цээжээ дэлдээд явдаг. Энэ бол үнэхээр урлагт хайртай хүний шинж л дээ. УДЭТ анх бид нарыг орж ирж байх үед бүр хэцүү байсан одоо гайгүй болж байгаа ч хангалттай биш байна. Тэгээд хөдөө орон нутгийн театр, чуулгыг харахаар өрөвдмөөр. Уран бүтээл хийх мөнгө гэж 5-10 саяыг л өгдөг юм гэсэн. Уран бүтээл чинь өндөр зардлаар бүтдэг зүйл шүү дээ. Үзэх үзэгчид ч байхгүй уран бүтээлчид нь ч тогтохоо больсон гээд асуудал их бий.
-Нийгмийн амьдралаас?
-Улс төр, нийгэм эдийн засгаа ярих юм бол хямархаар шүү дээ. Хоёр, гурван жилийн өмнө хүнсний дэлгүүрт 100 мянган төгрөгтэй ороход авах зүйлээ хангалттай цуглуулаад гардаг байсан одоо бол тэр мөнгө чихрийн цаас болж. Гэхдээ би байнга дэлгүүр хэсээд байхгүй ар гэрийн хамаг ажлыг миний эхнэр л зохицуулж байдаг. Гэтэл саяхан нэг орсон чинь юу вэ хэлэх ч үг олдоогүй. Хэсэг хүмүүс нь баяжаад, хэдэн ард түмэн нь ядуу байгаа энэ байдалд эмзэглэж явдаг.
ааа
Би "Английн хөлбөмбөгийн багийн улаан фен”
ggg
-Мэргэжлийнхээ онцлогоос болоод янз бүрийн асуудалд стресстэх нь бага байдаг байх чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?
-Ном унших их дуртай таван настайдаа хамгийн анх уншиж сурсан. Манай эгчийнх Яармагт байсан юм тэндээс автоусанд суугад явахаар Ажилчны районы хоёр давхар байшин дээр гэрлэн үсгээр “Ленины заасан заавраар урагшаа” гэж биччихсэн байдаг байсан. Би тэрийг сургуульдаа явах болгондоо үсэглэж уншсаар байгаад нэг өдөр өвөөтэйгээ хамт явж байхдаа бүтнээр нь уншчихаж билээ. Тэр цагаас хойш л номын амтанд орсон доо. Фэйсбүүк, твийттэр гэхээсээ илүү ном унших дуртай. Ном л хамгийн агуу, хамгийн сайхан зүйл.
-Хамгийн сүүлд ямар ном уншив. Ширээний ном тань юу вэ?
-Айн Рэндийн “Бид амьд хүмүүс”-ийг уншсан. “Луун шивээст охин”-ы хоёрдугаар дэвтэр “Галаар наадсан бүсгүй” номыг уншлаа. Миний байнга уншдаг ном бол “Монто Кристо гүн”. Хаанаас чинь ч асуусан үг, үсэггүй мэднэ /инээв/.
-Монгол эр хүн л болсон хойно морь, бөх сонирхоно биз?
-Сонирхолгүй яахав. Морины уралдааныг үзээд хамрын самсаа шархирахгүй байхын аргагүй байдаг. Үнэхээр гайхамшигтай. Бөхөө дээдэлж хүндэлж явдаг. Тэр бологон бөхийн өргөө, наадмын талбай дээр очиж үзээд байж чаддагүй болохоор бөхийн барилдаануудыг зурагтаар сайхан үздэг.
-Таныг барилддаг байсан гэж сонссон юм байна. Одоо ямар спортоор хичээллэж байна?
- Ер спортын зах зухаас мэднэ. Чиний хэлснээр багадаа бөхийн секцэнд явж байсан. Нэгдүгээр курстээ мөрөө мултлаад дахиж ноцолдохоо больсон доо. Одоо бол театрынхаа зааланд фитнес хийж байгаа. “Дон Кихот”-ын Санчод тоглоход ажлын шаардлагаар 92 кг-тай байж байгаад 99 кг хүртлээ таргалсан. Манай Баатар найруулагч “чи тур гэдэг байсан бол таргал” гээд л жин нэмүүлсэн. Одоо жингээ хасч тоглож буй жүжгүүдийнхээ формд орох гээд байж байна. Энэ бие чинь минийх биш, Улсын театрын бие болохоор баримлын шавар шиг л байлгах ёстой. Бас хөлбөмбөг их сонирхоно. Английн багийн улаан фен. Английн прьемер лигээс “Манчестер юнайтед”-ын фанат. 1990-ээд оноос хойш хөлбөмбөг сонирхож, 1998 онд Дэвид Бэкхэм, Майкл Овэн гэх залуус гарч ирж байх үеэс дэмжиж эхэлсэн.
-Танд дуулж, жүжиглэхээс өөр ямар авьяас байна вэ. Нэгийг нь ил гаргаад өөр авьяасаа нуучихсан хүмүүс байдаг шүү дээ?
-Өөр олигтой авьяас байхгүй байх. Хөгжим тоглоно. Гитар төгөлдөр хуур өөрийнхөө хэмжээнд тоглоно. Морин хуур, ятга жаахан оролдоно. Бүр залуухан байхдаа шүлэг бичих гэж оролддог байсан. Сүйдтэй айхтар биш, жинхэнэ яруу найрагчдын хажууд ичмээр дамшиг. Тэрхэн үед орж ирсэн, тархинд зурсхийсэн мөртүүдээ бичдэг байсан. Одоо бол больсон. Хамгийн сүүлд 2006 онд бичиж байсан байх. Гэхдээ энэ бол чиний хэлсэн өөр авьяас биш шүү /инээв/.
ххх
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ