Ослоор амь үрэгдэгсдийн тоо 60-д хүрчээ
Энэ сарын 18-нд Өмнөд Солонгосын Инчон хотоос Чежү арлыг чиглэн зорчиж явсан “Sewol” аяллын хөлөг онгоц өмнөд Чолла мужийн Жиндо арлын ойролцоо живсэн. “Sewol” онгоцонд зорчиж явсан 475 хүнээс 179 зорчигчийг авраад байгаа юм. Өнөөдөр аврах ажиллагааг удирдаж буй Ким И Чоль хэвлэлийнхэнд мэдээлэл хийж амиа алдсан зорчигчдын тоо 60 хүрсэнийг мэдэгдсэн тухай “yonhapnews.co.kr” мэдээллээ.
Тэрбээр “Аврагч болон тусламжийн багийнхан онгоцыг усны мандал дээр гаргахаар ажиллаж байна. Харамсалтай нь онгоцонд хүнд даацын ачаа ачсан байгаа учир гаргахад бэрхшээл учирч байна. Амиа алдсан хүмүүсийн цогцосыг таних ажиллагаа явагдаж байгаа. 32 цогцосыг нь гэр бүлд нь хүлээлгэн өгсөн. Онгоцтой хамт живсэн зорчигчдыг аврах, хайх ажиллагаа үргэлжилсээр байгаа” гэжээ. Тус улсын Ерөнхийлөгч хатагтай Пак Ын Хэ, амиа алдсан зорчигчдын гэр бүлд эмгэнэл илэрхийлж, бусад зорчигчдыг эсэн мэнд гаргахын тулд аврагчдыг зогсолтгүй ажиллахыг сануулсан аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ