62-р сургуулийн барилгад нуралт үүсчээ
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, зарим дүүргийн Засаг дарга нар цаг алдалгүй шийдвэрлэх шаардлагатай ажлуудаа танилцууллаа. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд тус дүүргийн 62-р сургуулийн барилгын өнгөлгөөний тоосгон хана ялуутайгаа хөндийрч, унаж байгаа талаар мэдээлж, яаралтай засварлахад шаардлагатай 210 сая төгрөгийг шийдвэрлэж өгөхийг хүссэн байна.
Сонгинохайрхан дүүргийн 62-р сургууль нь 1975 онд байгуулагдсан. Барилгыг ашиглалтад оруулснаас хойш дээвэр, цонх, дотор халаалт бохир усны систем, биеийн тамирын талбайн тохижилт, гадна зам зэрэгт хэсэгчилсэн засвар хийгдэж байжээ. Харин өнгөрсөн 12-р сараас хойш барилгад нуралт үүсч эхэлсэн байна. Яаралтай засварлахгүй бол өнгөлгөөний тоосго цүлхийж хөндийрсэн хэсэг, дахиад нурж болзошгүй 4 газар байгаа гэж дүүргийн Засаг дарга хэлжээ.
Нийслэлийн Засаг дарга тус сургуулийн барилгын гэмтэл, нуралттай яаралтай танилцаж, урсгал засвар хийх үү эсвэл шинээр барих уу гэдгийг тодорхой болгож шийдвэрлэхийг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад үүрэг болгосон байна.
,
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ