“Өгөөж чихэр боов” ХХК-ийн туслах ажилтан гэмтжээ
Өнгөрөгч амралтын өдрүүдэд хулгай, танхайрах замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах журмыг зөрчих зэргээс гадна хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм зөрчснөөс осолд өртсөн хэргүүд гарсан байна. Тухайлбал, “Өгөөж чихэр боов” ХХК-ийн үйлдвэрийн технологийн ажилтан СХД-ийн 10 дугаар хороонд оршин суух 26 настай эмэгтэй Т гэгч нь зуурмагны машин гацахаар нь засах гэж оролдож байгаад тасдагч тахир төмөрт баруун гараа гэмтээсэн байна. Тэрбээр ГССҮТ-ийн Гар сарвууны тасагт хэвтэн эмчлүүлж байгаа ба хэргийг СХД-ийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа аж.
Мөн “Баянгол дүүргийн гуравдугаар хороо хуучин төмөрлөгийн үйлдвэрт хөлөө гэмтээсэн хүн байна” гэсэн дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас очиж шалгалтын ажиллагаа хийжээ. Гэтэл “Баялаг-коллект” компанийн хуванцарын үйлдвэрийн туслах ажилтан 27 настай эрэгтэй А хуванцар бутлах машиныг давж гарах гэж байгаад хальтарч унан баруун хөлөө хугалсан байжээ. Уг хэргийг харьяа дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж байна.
Дээрх осол нь бүгд хувь хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой байгаа юм. тиймээс иргэд байгууллага, аж ахуй нэгжүүд хөдөлмөр аюулгүй ажиллагааны журмыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж ажиллахыг анхаарууллаа.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ