Амралтын өдөр бүр унадаг дугуйтай аялал зохиогдоно
Энэ сарын 19-ний өдөр буюу өнгөрөгч бямба гаригт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Унадаг дугуйтай тогтмол аялал”-ын нээлт боллоо. “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн санаачилгаар Монголын залуучуудын аялал жуулчлалын корпораци, Залуу дугуйчин клуб, Каннондэйл дугуйн дэлгүүр, Аттила дугуйн дэлгүүр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг байгууллагууд хамтарсан уг аялал нь “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг дэмжих, хотын иргэдийг дугуйгаар аялах боломжийг бүрдүүлэх, амралтын өдрийг спиртлэг бус спортлог өнгөрүүлэх, аялагчдын тоог нэмэгдүүлэх зорилготой гэнэ.
Анхны аялал Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Маршалын гүүр-Их тэнгэрийн ам-Хадны сүг зураг гэсэн маршрутаар нийт 18 км замаар 6 цаг аялсан бөгөөд нийт 60 гаруй залуус оролцсон байна. Аялалд хамгийн бага настай нь 7, хамгийн ахмад нь 63-тай хүн оролцсон байна. Унадаг дугуйтай аялалд гэр бүл найз нөхдөөрөө ирж оролцож байгаа залуус олон байсан бөгөөд “Цаашид ийм төрлийн аялал тогтмол зохион байгуулах гэж буйд сэтгэл өөдрөг байна, мөн аялал сонирхолтой гоё боллоо байнга оролцох болно” гэдгээ илэрхийлсэн юм.
Унадаг дугуйн аяллыг хоёр жилийн турш зохион байгуулж буй “Залуу дугуйчин клуб” аяллыг зохион байгуулалтыг хийсэн бөгөөд аялалд оролцогчдод зориулж хээрийн цай, хөгжөөнт тоглоом, өглөөний гимнастик, флашмобыг хийсэн нь бусад дугуйн аялалаас их онцлогтой болсон гэдгийг аялагчид дурьдаж байв.
Аяллын хөтөлбөрийн дараа оролцогчид буудалсан газрынхаа хогийг сайн дураараа нэгдэж цэвэрлэж байгаль дэлхийгээ хэрхэн хайрладагыг харуулсан юм. Аялалд хамрагдах хүмүүсийг сонирхолын бүлгээр нь захиалгат аялал, тогтмол аялал гэсэн 2 төрөлд хуваасан гэнэ. Тогтмол аялалд оролцогчид дугуйгүй бол 15.000 төгрөгний төлбөртэй /Аяллын дугуй, Хээрийн цай, Хөгжөөнт тоглоом, Өглөөний дасгал, 1 өдрийн аяллын даатгал/, дугуйтай бол ямарваа нэгэн хураамж авахгүйгээр хамтдаа аялах боломжийг олгож байгаа аж. Унадаг дугуйтай аялалд оролцох хүсэлтэй хүмүүс бямба, ням гараг МЗХ-ны төв байран дээр өглөөний 10 цагт ирээд нэгдэж болох юм байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ