АТГ, МАН, АН бас Үүл дарга
Н.Алтанхуяг сайдын “Ерөнхий сайд 30 минут” уулзалтын үеэр хэлсэн зарим нэг үг олон хүний “гижгийг” хүргэсэн бололтой. Нэг хүний гижиг нь хүрээд ч тэр үү гэнэт гараад ирэв үү. Өчигдөр олон сэтгүүлч АТГ ийм даргатай бил үү хэмээн асуутал тэр мартагдах шахжээ. Хүмүүсийн цээрлэн хэлдгээр гурван үсэгтэй газар буюу АТГ-ын дарга, Тэргүүн комиссар Н.Ганболд хэвлэл мэдээлэлд төдийлөн нээлттэй биш нөхөр.
.
Харин Ерөнхий сайд “Ардын нам, АТГ хоёр ажил хийлгэхгүй байна” хэмээн мэдээлэл хийсний дараа “Өдрийн сонин”-д ярилцлага өгчээ. Тэрбээр дээрх үгийг “Монгол Улсын Ерөнхий сайдын үг биш. Н.Алтанхуяг гэдэг хувь хүний үг гэж бид ойлгож байна” хэмээсэн нь олны анхаарлыг татаж байгаа бололтой. Би ч биш бид гэж ярьсан нь бүр сонирхолтой. Сэтгүүлчид бид хэзээний л ийм зантай улс.
.
Аль нэг анхаарал татсан эрхмийн санаатай, санамсаргүй үг, түүнийг өлгөж авсан, эсвэл өөрийнхөөрөө тайлбарлаж байгаа хүмүүсийн далд санаа нь юу болох, энэ үгээрээ юу хэлэх гэснийг нь ухаж төнхөж байдаг зантай улс. Дээрх ярилцлагын эхний болон төгсгөлийн хэсэгт АТГ-ын ажлын үр дүн, хууль эрхзүйн талаархи асуудлыг хөндсөн байсан ч дунд хэсэгт байгаа Ерөнхий сайдын хэлсэн үг, мөн Д.Сугарын хэрэгтэй холбоотой хэсэг анхаарал татаж байгаа юм.
.
Ерөнхий сайд “АТГ ажил хийлгэхгүй байна” гэсэн үгийг амнаасаа зүгээр ч нэг унагаагүй болов уу. Сүүлийн үед АТГ-тай холбоотой таатай гэхээс илүү таагүй мэдээллүүд их хөврөх болсон нь ажиглагддаг. Хэвлэлүүдээр энэ байгууллагын үйл ажиллагаа аль нэг эрхмийн өөрийгөө шалгуулах гэж өгсөн өргөдлийг шалгахаас хэтрэхгүй байгаа гэж шүүмжилдэг. Цаашлаад бизнесмэнүүдийг шалгадаг, тэднийг хорьдог, цагддаг гэх мэдээлэл ч өдөр өнжихгүй л хэвлэлээр гарах боллоо.
.
Саяхан гэхэд “Өдрийн сонин”-д “Тэгри сан”-г үүсгэн байгуулагч Х.Анхбаярын эхнэр ярилцлага өгч, ямар ч баримтгүй, нотолгоогүй атлаа нөхрийг нь баривчилж, хэд хэдэн шорон дамжуулан хорьж, ялыг нь хүлээлгэхийн тулд хэрхэн хүнд байдалд оруулж байгаа тухай ярилцлага өгсөн нь нэгийг хэлээд байгаа юм. Хүний эрхийн үндэсний комисс ч энэ мэдээллийг бататгаж, илтгэлдээ хүчний байгууллагууд энгийн иргэдийг хэрэг хүлээлгэхийн тулд хүч хэрэглэдэг, мөн хилс хэрэг хүлээлгэх гэж янз бүрээр оролддог хэмээн бичсэн юм билээ.
.
“Хэлмэгдүүлэлтийн үеийн ногоон малгайтнуудын соёлжсон хувилбар нь АТГ-ынхан болжээ” гэдэг нь хэтийдсэн дүгнэлт байж болох ч бизнесмэнүүдийг ангуучилдаг, мөн улс төрд хуруугаа дүрдэг, улс төрийн хэргийг шийдэхдээ удааширдаг, Засгийн газар, УИХ-ын ажилд шууд биш юм гэхэд шургалаад байгаа гэдгийг нь эдгээр санаатай, санаандгүй хэлсэн үгүүд сануулаад байх шиг.
.
Өчигдөр өглөө гэхэд л Нийслэлийн удирдлагын шуурхай зөвлөгөөний хурал дээр Хотын захирагч Э.Бат-Үүл АТГ-тай холбоотой хэдэн үг чулуудсан ч чихний хажуугаар өнгөрсөнгүй. Түүний хэлсэн үгнээс харахаар АТГ чинь амьтан хүнийг айлгаж ичээдэг “нэг тийм” газар болчихоо юу даа гэж бодоход хүргэснийг нуух юун. Хотын дарга амьхандаа ажилчдаа шударга ажиллахыг сануулсан ч үүндээ АТГ-ыг нэр цохон дурьдаж ярьсан нь улс төрийн амьдралд хуруугаа дүрдэг гэдгийг батлаад өгчихөв үү гэж бодогдов.
.
Э.Бат-Үүл дарга “Та бүхэн өнөөдөр идэж ууж байж болно. Тэр чинь өнөөдөр ил гарахгүй ч гэсэн хожмоо улс төрийн сонгуульт үйл явдалтай зэрэгцээд өндийж ирнэ. Тэр үед АТГ-ынхан ангуучлаад ирэхээр амаа барих вий. Тэр үед би та нарыг хамгаалахгүй, өмгөөлөхгүй. Өөрсдөө л шалгуулаад, идэж уусан бол эдэлдэг ялаа эдэлнэ биз” гэх утга бүхий үг хэлсэн юм билээ. Идэж уусныг нь АТГ-ынхан шалгаж болох ч эрх мэдэлтэй, албан тушаалтай, дарга цэрэг, төрийн албан хаагч гэхгүйгээр мөрддөг, шалгадаг хачин замбараагүй ажилладаг юм уу гэж бодоход хүрэв.
_
Тэгээд бас улс төрийн сонгуульт ажил дөхөхөөр нэг нэгнийгээ шантаажилдаг байдлыг АТГ-тай холбож ярьдаг нь бас юу вэ гэж бодлоо. Уг нь АТГ-ын дарга Н.Ганболдын хэлснээр АТГ хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг, хараат бус бие даасан. Хууль сахиулах, хэрэгжүүлэх хуулийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэгтэй байгууллага. Өөрөөр хэлбэл, хэн нэгнээс хараат бус, хэн нэгэн албан тушаалтанд ажлаа тайлагнадаггүй байгууллага. Энэ үүргээ л биелүүлээд ажиллачихдаг бол бүх зүйл “ок” болно.
.
Хэн дуртай нөхөр хэвлэлээр элдэв юм яриад явахгүй шүү дээ. Улстөрчдийн хэргийг илрүүлээд шийдсэн шиг шийдчихдэг болохсон гэж хүн бүхэн хүсч байгаа. Бас нэг зүйл хэлэхэд АТГ байгуулагдсанаар бас ч гэж авлига буурсан байх магадлалтай. Хэн хүнгүй айж байна гэдэг нэг талаар муу зүйл биш байх. Харин гэмгүй хүмүүсийг айлгадаг газар битгий болчихоосой гэж ярьдаг нь учиртай.
.
Ерөнхий сайд, Н.Ганболд дарга хоёрын хэвлэлийн “тулаан”-д бас нэг учиг нуугдаж байгаа гэж ажиглагчид яриад байна. Үнэн худал нь бүү мэд. Цаг хугацаа харуулах биз. Н.Ганболд дарга МАН-ын дарга М.Энхболдтой ураг төрөл, садан төрлийн сүлбээтэй учраас Н.Алтанхуяг сайдаар оролдоод байна гэсэн бор шувуу ч чихний хажуугаар өнгөрсөнгүй.. МАНАН байгуулах санаархлын нэг хэсэг гэж харах нь ээ, бас. Улс төр өө гэж.
.
Б.Өнөртогтох
Эх сурвалж: www.mminfo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ