Д.Тунгалаг: Одоогоор 90 гаруй хэрэг маргааныг эвлэрүүлээд байна
Шүүх эрх мэдлийн хүрээнд шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөрийн дагуу УИХ-аас таван багц хууль баталсны нэг нь Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль юм. Уг хууль өнгөрөгч оны дөрөвдүгээр сарын 15-нд хүчин төгөлдөр болж энэ оны хоёрдугаар сараас эхлэн улс даяар хэрэгжиж эхэлсэн. Уг хуулийн хэрэгжилтийн талаар Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга Д.Тунгалагтай ярилцлаа.
1
-Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны зорилго нь юу вэ. Ямар хэлбэрээр явагдах вэ?
-Дэлхийн олон улс оронд иргэний эрх зүйн маргаантай холбоотой хэргийг шүүхийн, арбитрийн гэсэн хоёр хэлбэрээр шийдвэрлэдэг. Харин сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд шүүхийн бус аргаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах тогтолцоо эрчимтэй хөгжиж байна. Шүүхийн байгууллагын шинэчлэлийн хүрээнд үүнийг Монгол улсад хэрэгжүүлэхийг зорьсон. Орон даяар бүх шүүхээр иргэний болон гэр бүлийн холбогдолтой, хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг шийдвэрлэхэд эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэдэг болгох зорилготой. Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоосон журмыг баталсан. Манай улсад шүүх дэх, Төрийн болон ТББ, мэргэжлийн холбоодод гэсэн хоёр үндсэн хэлбэрээр явагдана.
1
-Эвлэрүүлэн зуучлагчаар хэдэн хүн ажиллаж байгаа вэ?
-Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд зааснаар Эвлэрүүлэн зуучлагч нь дээд боловсролтой, ял шийтгэлгүй, эрхзүйн чадамжтай, эвлэрүүлэн зуучлал явуулахын тулд сургалтад хамрагдаж, сонгон шалгаруулалтад орж эрхийн гэрчилгээ авсан, үүнийхээ үндсэн дээр ШЕЗ болон Эвлэрүүлэн зуучлалын зөвлөлөөс баталсан нэрийн жагсаалтад бичигдсэн байх ёстой. Үүнээс гадна хүнтэй харилцах эв дүйг сайтар эзэмшсэн хүн байж л энэ ажлыг хийнэ дээ. Одоогийн байдлаар улсын хэмжээнд иргэний хэргийн анхан шатны 33 шүүхэд орон тооны 42 эвлэрүүлэн зуучлагч ажиллаж байна. Мөн орон тооны бус 365 эвлэрүүлэн зуучлагч өнгөрөгч хоёрдугаар сарын 4-нөөс ажиллаж эхэлсэн.
1
-Хууль хэрэгжсэнээс хойш хэдэн хэрэг маргааныг эвлэрүүлэн зуучилсан бэ. Гурван төрлийн маргаанаас аль нь зонхилж байна вэ?
-Хоёрдугаар сараас эхлээд 700 гаруй өргөдөл гомдол хүлээж авсан. Одоогийн байдлаар эвлэрүүлэн зуучлагчид маань 90 гаруй хэрэг маргааныг шийдвэрлэж, эвлэрлийн гэрээ байгуулж, зуучлах ажиллагаа амжилттай явагдсан гэсэн дүн мэдээтэй байгаа. Маргаанаа шийдвэрлүүлсэн хүмүүс уг ажлын үр дүнг хүртэж эхэлж байна. Ирсэн өргөдөл гомдлыг харахад иргэний эрх зүйн болон гэр бүлийн холбогдолтой маргаан зонхилох байрыг эзэлж байна.
1
-Гэр бүлийн холбогдолтой маргааныг хэрхэн шийдвэрлэж байна?
-Гэр бүлийн холбогдолтой хэрэг маргааныг шийдвэрлэхэд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журамтай байдаг. Ер нь гэр бүлийн холбогдолтой хэрэг маргаан гэхээр гэрлэлт цуцлахтай холбогдолтой үндсэн маргаан гарч ирдэг. Үүнийг эхний ээлжинд эвлэрүүлэн зуучлах байгууллага буюу эвлэрүүлэн зуучлагч нар шийднэ. Дараа нь шүүхэд нэхэмжлэл гаргаж гэрлэлт цуцлах асуудал шийдэгдэх юм. Учир нь гэр бүл бол нийгмийн үндсэн нэгж. Гэр бүлийн хөгжлийг бат тогтвортой байлгах бол Төрийн чиг үүрэг байх ёстой. Төр үүнийгээ биелүүлэхийн тулд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг хуулиар дамжуулан хийж байгаа гэж ойлгож байгаа. Тиймээс эхний ээлжинд урьдчилан шийдвэрлэх журмаар шийдвэрлэх болсон. Гэхдээ тодорхой өөр харьяаллын зүйл бий. Тухайн гэрлэгчдийн аль нэг нь гэр бүлийнхээ гишүүд, үр хүүхдийнхээ амьдрал, эрүүл мэндэд ноцтой хор хөнөөлтэй хүчирхийлэл үйлддэг бол шууд шүүхээс гэрлэлтийг цуцлахаар хуульд заасан.
1
-Ер нь иргэний хэргийн шүүхээр жилд шийдвэрлэгддэг хэргийн хэдэн хувийг гэр бүлийн болон хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан эзэлдэг вэ. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдаж байгаа нь иргэний хэргийн шүүхийн ажлыг тодорхой хэмжээгээр хөнгөвчлөх байх?
-Тэгэлгүй яахав. Улсын хэмжээнд нэг жилд 35-37 мянган иргэний хэрэг шийдвэрлэгддэг. Сүүлийн гурван жилийн хугацаанд ажигласнаар эдгээр хэргийн 11-12.5 хувь нь гэр бүлийн холбогдолтой хэрэг маргаан байна. Мөн 11 орчим хувь нь хөдөлмөрийн ганцаарчилсан маргаантай холбоотой байдаг.
1
-Эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааны ач холбогдол, маргаан шийдвэрлэх бусад хэлбэрээс ялгарах давуу тал нь?
-Энэ ажиллагаа бол бусад ажиллагаа, шүүхийн процесстэй харьцуулахад хэд хэдэн давуу талтай. Цаг хугацаа хэмнэдэг, зардал бага, талууд аль аль нь сэтгэл ханамжтай үлддэг. Олон шат дамжлага байхгүй, талууд эвлэрээд л хэрэг маргаан дуусдаг. Мөн шүүхийн ачааллыг багасгах, төрийн ажил, төсөв санхүүг хөнгөвчлөх гээд олон зүйлд ач холбогдолтой.
1
-Зардал бага гэлээ. Маргаан шийдвэрлүүлэхэд хэдэн төгрөгийн хураамж төлөх шаардлагатай вэ?
-Аливаа маргааныг шийдвэрлүүлэхэд 30 мянган төгрөгийн тэмдэгтийн хураамж улсад төлөгдөөд явж байгаа.
1
-Маргаан шийдвэрлүүлэхээр хандсан талууд эвлэрүүлэн зуучлагчийг сонгож болох уу?
-Орон тооны болон орон тооны бус эвлэрүүлэн зуучлагчийг сонгох асуудал талуудад байж болно. Шүүх дээр байгаа орон тооны эвлэрүүлэн зуучлагч маргааныг шийдвэрлэхээс татгалзсан болон хуульд зааснаар өөр эвлэрүүлэн зуучлагчид хандаж болно. Хамгийн гол нь эвлэрүүлэн зуучлагч талуудад тэгш хандаж, төвийг сахьсан байх ёстой. Талууд хоёулаа зөвшөөрч сайн дурын үндсэн дээр маргаанаа шийдвэрлүүлэхээр хандсан тохиолдолд маргааныг шийдвэрлэдэг онцлогтой.
1
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ