Ассад ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдлээ
Сири улсын Ерөнхийлөгч Башар аль Ассад ирэх долдугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн тухай “www.globalpost.com” мэдээллээ. Тус улсад өчигдрөөс эхлэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэж эхэлсэн юм. Сонгуульд нэр дэвшсэн Ассад “Би Сирийн ирээдүйг өөрчилж, их хямралаас гаргах болно. Ард түмнийхээ дэмжлэгтэйгээр улсаа хөл дээр нь босгож, эх орноосоо дүрвэсэн иргэдээ цэцэглэж хөгжсөн Сири улсад хүлээн авахын тулд намайг дэмжих хэрэгтэй” гэж хэлжээ. Ерөнхийлөгч Башар аль Ассад 2007 оны тавдугаар сарын 27-ны үндэсний санал асуулгын дүнгээр нийт сонгогчдын 97.62 хувийн дэмжлэг авч ялалт байгуулж байжээ.
1
Өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээр тус улсын Сонгуулийн ерөнхий хороо “Ерөнхийлөгчид нэр дэвшигч сүүлийн таван жилийн хугацаанд эх орондоо тогтвор суурьшилтай амьдарч, ажилласан хүн нэрээ дэвшүүлж болно” гэх шинэ заалтыг хуульд оруулсан юм. Энэхүү заалтаас болж сөрөг хүчнээс Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхэд саад учраад байгаа аж. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших өндөр магадлалтай байсан сөрөг хүчний тэргүүн Моаз аль-Хатиб өнгөрсөн 2012 оны Турк улс руу дүрвэсэн гэх шалтгаанаар хасагджээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ