Э.Бат-Үүлийн хаус биш хуаран болсон амлалт
Хэд хоногийн өмнө нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийлээ. Сэдэв нь гэр хорооллын дахин төлөвлөлт. Үүл даргын нэрийн хуудас болсон ажил учраас нийслэлчүүдийн анхаарлын төвд байгаа асуудал. Нэг хэсэг нь тохилог орчинд амьдарчих санаатай чих тавьж байхад нөгөө хэсэг нь хотын даргын амалснаа хэрхэн биелүүлэхийг анзаарч харж буй. Э.Бат-Үүлийн тодорхойлсноор бол гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил гэрлийн хурдаар явж байгаа гэнэ. Өөрийнх нь төсөөлөө ч үгүй амжилтыг үзүүлж, Геннист бүртгүүлэхэд ч гэмгүй байгаа гэсэн. Хийсэн, хийж буй ажлыг үгүйсгэхгүй. Гэхдээ Э.Бат-Үүл даргын мөрийн хөтөлбөрийн хамгийн том зорилго анхны дүр төрхөөсөө нэлээд өөрчлөгджээ. Үүнийг ярихын тулд өдгөөгөөс хоёр жилийн өмнөх бүр тодруулбал, сонгуулийн сурталчилгааны цаг үе рүү очих шаардлагатай.
.
2012 оны сонгуулийн үеэр УИХ бус орон нутагт өрсөлдөхөөр болсон нэр дэвшигч Э.Бат-Үүлийн мөрийн хөтөлбөр дундаас гэр хорооллыг хаусжуулна гэсэн өгүүлбэр олны анхаарлыг татсан. Ингэхдээ хашааны газар дээр чинь тохилог, хувийн орон сууц бариад өгнө. Тэндээ мод бут, зүлэг ногоогоо тарьж, өөрсдийн дураар амьдрах боломжийг би олгоно. Хашаанд чинь цэвэр, бохир усны систем, төвлөрсөн халаалт оруулаад өгнө хэмээн ярьж явсныг санаж буй хүн олон байх. Хүн бүхний нүдэнд америк маягийн дүр төрх төсөөлөгдсөн байх. Ингээд зогсохгүй тухайн үеийн хотын дарга байсан Г.Мөнхбаярын хийж байсан ажлыг үгүйсгэж, коммунистууд л бусдын өмчид халддаг хэмээн иргэдийн тархийг угааж эхэлсэн. Үүнийх нь ачаар Сүхбаатар дүүрэгт баригдаж байсан долоодугаар хорооллын ажил бараг л зогссон. Айлуудын хашааг худалдан авч, инженерийн шугам сүлжээ татан, орон сууцжуулах ажил нэлээд хурдацтай байсан ч Э.Бат-Үүлийн хаусын сургаар иргэдэд эргэлзээ төрж эхэлсэн. Э.Бат-Үүл “Коммунистууд л бусдын өмчид халддаг юм. Коммунистууд л хуарангийн дэглэмийг бий болгож, хуарангийн орон сууц барьдаг юм” хэмээн ярьж явсан цаг хугацаа хоёрхон жилийн өмнөх. Харин өнөөдөр тэр өөрөө гэр хорооллынхныг хуарангийн дэглэмд оруулж, хуарангийн орон сууц барьж байна. Хаус хороолол яг л тэр өдрийн бэлэг байсан гэдэг шиг тухайн цаг үеийн яриа төдийхөн байж.
Уг нь гэр хорооллыг ийм болно гэж "мөрөөдөж" байлаа.
.
Одоо Э.Бат-Үүлийн багийнхны сонгон шалгаруулсан 16 байгууллага нийслэлийн 67 талбарт орон сууц барих ажлаа эхлүүлээд байгаа. Дөрвөн хашааны газар дээр л 120 айлын орон сууц баригдана хэмээн баяр бахдалтайгаар зарлаж сууна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийж байгаа Urban city компани л гэхэд 12, 15 давхар 1098 айлын орон сууц барина хэмээн зарласан. Энэ мэтээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд том том хорооллууд босно. Уг нь Э.Бат-Үүл хуарангийн орон сууцанд дургүйсэн. Түүний 2012 онд өгсөн ”Коммунист сэтгэлгээнээсээ салаагүй байна” гэсэн гарчигтай ярилцлага www.news.mn сайтад байна. Тэнд Э.Бат-Үүл “Орон сууцны том том хөтөлбөрүүд чинь гэр хорооллынхны мэдээлэлгүй байдлыг ашиглаад тэдний газрыг хурааж авч, нийтийн орон сууц шахах замаар л явах гээд байна шүү дээ. ...Хашааны газрыг худалдаж аваад нийтийн орон сууц барих нь ямар үр дагавартай, буруу зүйл болохыг ч ойлгохгүй байна” хэмээн ярьжээ. Э.Бат-Үүлийн өнөөдрийн хийж байгаа ажил, сонгуулийн өмнөх яриа ямар зөрүүтэй байгааг эндээс харж болно.
Харин одоо ингэж хуарагнах гэнэ.
.
Э.Бат-Үүлийн яриад байсан хаус хороолол өдгөө Сонгинохайрхан дүүрэгт баригдаж байгаа. Гэхдээ энэ хороолол хотын даргын санаачилга биш. Иргэд өөрсдөө дэд бүтцэд холбуулж, жишиг сууцтай болох хүсэлтийг гаргасан. Үүнийг нь Атмор ХХК гүйцэтгэж байгаа. Харин Э.Бат-Үүл энд дэмжигч гэсэн үүрэг рольтой л оролцож байгаа. Ядаж энд ичих булчирхай ч ажиллах байлгүй дээ.
.
Бараг л хашааны банхарт хаус барьж өгнө хэмээн ярьсан амлалт дүр төрхөө хэтэрхий өөрчилж, нийтийн орон сууц болсон шалтгааныг Э.Бат-Үүл даргаас асууя. Үнэндээ та Г.Мөнхбаярын хийж байсан ажлын арга барилыг л жаахан өөрчилсөн юм биш үү?!
.
В.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ