Зорчигчдын гэр бүлийнхэн суулт хийж эхлэв
Өмнөд Солонгосын “Sewol” хөлөг онгоц өнгөрсөн лхагва гарагийн өглөө живснээс хойш аврах ажиллагаа үргэлжилсээр байна. Сураггүй болсон зорчигчдийн гэр бүл, төрөл төрөгсөд аврах ажиллагаа хэтэрхий удаан явагдаж байгааг эсэргүүцэн суулт зарласан тухай “yonhapnews.co.kr” мэдээллээ. Хөлөг онгоцонд явсан сурагчдын эцэг эхчүүд эргийн хамгаалалтын албан хаагчдыг хүүхдүүдийг нь олохын тулд хурдтай ажиллахгүй байгааг буруутгаснаас гадна хариуцлага хүлээх ямар ч ажилтан байхгүй байгааг зэмлэжээ.
1
Шумбагчид хүчтэй давалгаатай, харагдах орчин муу зэргээс шалтгаалан тэнгисийн гүн дэх онгоцонд нэвтрэхэд хэцүү байгааг тайлбарлан уучлалт хүссэн аж. Шинжээчдийн үзэж буйгаар живсэн онгоцонд эрлийн ажиллагаа явуулахад хоёр сарын хугацаа шаардагдаж магадгүй гэжээ.
“Sewol” хөлөг онгоцны ахмад Ли Жун Сокийг өнгөрсөн бямба гарагт баривчилсан. Түүнийг ажил үүргээ гүйцэтгээгүй, тэнгисийн хууль зөрчсөн гэж буруутгаж байна. Тэрбээр онгоц живж эхлэх үед зорчигч гэж хэлээд аврах завинд суусан гэнэ. Ахмадыг гэм буруутайг тогтоовол бүх насаар хорих ял оноож магадгүй аж. Түүнээс гадна багийн хоёр гишүүнийг саатуулсан бөгөөд зорчигчдыг аврах ажиллагааг хангалттай зохион байгуулаагүй гэж буруутгажээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ