О.Баасанхүү: Тамхи худалдаалдаг “Хүн ТҮЦ” яваад байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр үргэлжилж байна. Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү танилцуулж байгаа юм. Одоо хэрэгжиж байгаа Тамхины хяналтын тухай хууль нь хэт нэг талыг барьсан, 500 метр зайд тамхи худалдаалахыг хориглосон заалт нь хөдөө орон нутагт хэрэгжих бололцоогүйгээс дам тамхидалт, далд эдийн засаг сэргэж байна. Уг нэмэлт өөрчлөлтөөр зөвшөөрөгдсөн цэгтэй байхаар төсөлд тусгажээ.
УИХ-ын гишүүн С.Баярцогт:
-Хамгийн сайн хэрэгжиж байгаа хууль нь Тамхины хяналтын тухай хууль. Энэ хуультай холбоотой зохицуулалтын зарим зүйл орхигдсон байж магадгүй. Харин тамхи худалдаалах, далд эдийн засаг нэмэгдсэн гэсэн худлаа тайлбараа болиоч ээ. Энэ бол хамгийн сайн хууль. Худлаа ярьж байж тамхи татдаг тусгай өрөөтэй болох гээд байгаа бол буруу. Тусгай өрөөтэй болох гэж байгаагаа үнэнээр нь хэл. Өмнө нь ресторан бааранд ороход суух аргагүй болдог байсан. Одоо ямар сайхан саруулхан байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Би албан ёсоор статистикийн тоог авчирсан. Хууль батлагдах гэж байгаатай холбоотой 2012 онд хэмжээ нь нэмэгдсэн байдаг юм. Энэ статистикийг хүргүүлнэ. Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ зэрэг газруудад дэлгүүрт нь ороход тамхи зардаггүй. Харин тамхи татаж байгаа хүнээс асуухад дэлгүүрт байгаа. Хүн “ТҮЦ” яваад байна. Импортоор тамхины өсөлт нэмэгдэж, худалдан борлуулалт нь далд хэсэгт орсон байгаа.
НББШУ-ы байнгын хорооны дарга Д.Батцогт:
-Тамхины импорт нэмэгдэж, худалдаа нь далд хэлбэрт орсон гэдгийг хууль санаачлагчийн танилцуулагт хэлснээс бус байнгын хорооны дүгнэлт биш. Хууль бол төгс болоогүй. Хуультай холбоотойгоор албаны хүмүүсийг оролцуулсан.
УИХ-ын гишүүн С.Баярцогт:
-Оруулж ирж байгаа төсөл чинь тамхи татдаг тусгай өрөөтэй болъё, 500 метр дотор худалдаалахыг хориглохыг 500 алхам болгоё гэж байгаа. Дам тамхидалт, тамхины далд худалдаа өсөн нэмэгдэж байгаа гэж бодохгүй байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Утаат тамхи багассан ч гэсэн утаагүй далд тамхидалт нэмэгдсэн. Никотины наалт гэдгийг дэлгүүрүүд дээр 6000 төгрөгөөр зарж байна. Би үүнийгээ баталгаажуулахын тулд 6000 төгрөгөөр худалдан авч шатлаа шүү дээ.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:
-Ердийн алхаагаар хэмжиж болохуйц 500 алхмыг Шаравжамцын алхаагаар тооцох уу, О.Баасанхүүгийн алхаагаар тооцох уу. Ямар хэмжих нэгж оруулж ирээд бужигнуулаад байна аа, залуус аа.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Америкт алхааг хэрэглэдэг, “хит”-ээр. Хүн бүрт метр бариулаад явуулахгүй биз дээ. Олон нийтийн байцаагч нар алхаж очоод шалгана шүү дээ. Түүнээс бус метр бариад явуулахгүй.
Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ