Бага оврын автобусны үйлчилгээ эрхлэгчид жагсаж байна
Бага оврын автобусны үйлчилгээ эрхлэгчид өнөөдөр Эрх чөлөөний талбайд жагсаал хийж байна. Нийслэлийн нийтийн тээврийн газраас бага оврын автобуснуудын чиглэлийг өөрчилж, энэ сарын 23-ны өдрөөс мөрдөж эхэлжээ. Тодруулбал, бага багтаамжийн автобусны чиглэлийн давхцал ихтэй, хөдөлгөөний ачаалал түгжрэл үүсгэж байгаа гол гудамж, замууд болох “Энэбишийн өргөн чөлөөний Эх нялхсын баруун уулзвараас Их тойруугийн Ногоон нуурыг гудамжны уулзвар хүртэл, Ногоон нуурын гудамжны уулзвараас Цагдаагийн гудамжны уулзвар хүртэлх замын зүүнээс баруун чиглэл”-ийн замуудад бага багтаамжийн автобусны чиглэлийн хөдөлгөөнийг хязгаарласан нэмэлт өөрчлөлт хийсэн байна.
6
Жагсаалд нийслэлийн хэмжээнд бага оврын автобусны үйлчилгээ эрхэлдэг 12 аж ахуй нэгж байгууллагын төлөөлөл оролцож байгаа аж. Жагсагчдын төлөөлөлтэй уулзлаа.
6
Бага оврын автобусны үйлчилгээ эрхлэгч н.Туяа “Бид нийтийн тээврийн салбарын хүнд бэрх үе буюу 1999 оноо эхлэн ажиллаж эхэлсэн. Парк шинэчлэл гээд гурван жил болоод нэг машин сольдог. Сүүлийн парк шинэчлэлийг 2013 онд хийсэн. Би 2009 онд 9,5 саяар эхний истана машинаа авсан, дараагийнхийг нь 15 саяар 2013 онд авсан. Эхний авсан машин нь 2000 оны машин явуулахгүй гэж хасагдаад одоо хашаандаа байгаа. Энэ машинуудыг банкны зээлээр авсан. Тэгээд ажилгүй болчихоороо өрөө яаж төлөх вэ. Намайг л гэхэд 16 дугаар хорооллоос хойш Энхцагийн дэлгүүр гээд байдаг тэндээс Сансрын аюулгүйн тойрог хүртэлх шугамаар яв гэсэн. Тэнд нь бас жижиг тэрэгүүд хүмүүст үйлчилж, амьдралаа залгуулдаг юм байна лээ. Би өдөрт 10.000 төгрөгийн түлш хийгээд явахад 1000 төгрөг ч олохгүй байна лээ. Тэгээд жолоочоо өдөрт 20-25 мянган төгрөгөөр цалинжуулдаг гэхээр өөрөө ямар ашиг олох юм бэ. Урьд нь Шархад –Дэнжийн мянгын чиглэлд явдаг байхад орлого гайгүй байдаг байсан” гэж ярьсан.
6
Тэрбээр нийслэлийн нийтийн тээврийн газраас гаргасан шийдвэрээ эргэн харж, зөв шийдвэр гаргаасай. Нийтийн тээврийн газрын гаргасан шийдвэр, хийж буй ажлыг Э.Бат-Үүл дарга харж, нягталж үзэх хэрэгтэй байгаа тухай хэлсэн юм.
6
Мөн микро автобуснуудын шугамд өөрчлөлт оруулснаар ганцхан үйлчилгээ эрхлэгчид бус ард түмэн бас хохирч байна. Энэ тухай жолооч н.Энхбаяр “Миний хувьд “Өнөр дэнж”-ээс Дарь эх, Дамба хүртэл үйлчилдэг байсан. “Өнөр дэнж” гэдэг чинь ууланд амьдарч байгаа хүмүүс. Бид нэгдүгээр хорооллын урдуур аваад III, IV дүгээр хорооллоор дайрч, 100 айл, Баянбүрд, Дарь эх, Дамба руу явдаг шугам байсан. Энэ чиглэлд явдаг хүмүүс нэг унаанд суугаад холынх нь 600, дундынх нь 500, бүр ойрынх 300 төгрөгөөр хүрэх газартаа очдог. Микронд тогтсон үнэ гэж байхгүй 300-600 төгрөгийн хооронд явдаг. Гэтэл “Өнөр дэнж”-ээс Дарь эх рүү ажилдаа очдог нэг хүн 1200 төгрөгөөр ирж очдог байсан бол 3000 төгрөгөөр явдаг болж байна. Ингэж бас иргэдээ давхар шулж, хохироож байна. Э.Бат-Үүл даргаас гэр хороололд амьдарч байгаа хүмүүс нийслэлийн иргэд мөн юм уу биш юм уу гэж асуумаар байна” гэлээ.
5
Нийслэлийн нийтийн тээврийн газрын хот төлөвлөлт, шугам замын төлөвлөлтийн маршрутад судалгаа хийж, Улаанбаатар хотын хэмжээний бүх шугамын маршрутыг өөрчилж, хязгаарлсан аж. Бага оврын автобусаар нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчид өчигдөр очиж нийслэлийн Нийтийн тээврийн газрын удирлагуудтай уулзжээ. Гэтэл маршрутыг өөрчилсөн судалгааны мэргэжилтэн нь гэр хорооллоор явж судалгаа хийлгүйгээр, кадастрын зураг хараад ажлаа гүйцэтгэсэн байсан тухай жагсагчид хэлж байсан. Тиймдээ ч тэд ард түмнийхээ үгийг сонсолгүй, ширээний ардаас судалгаа хийж, амьдралгүй шийдвэр гаргахаа болихыг шаардаж буйгаа илэрхийлсэн.
6
Өмнөх Засгийн газраас Бага оврын автобусаар нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчдэд 2000-2003, 2004 он хүртэлх машинд насжилт хийхгүй, харин машинуудаа стандарт хэмжээнд байлга, та нарыг 2016 он хүртэл явуулна, энэ хугацаанд өр зээлээ цэгцэл гэсэн шаардлагыг тавьдаг байжээ. Гэтэл одоо болохоор насжилт хийж, 2003-2004 оноос хойших машиныг явуулж байгаа аж. Өнөөдрийн жагсагчид нийслэлийн нийтийн тээвэрт үйлчилж байгаа том оврын автобусуудад төрөөс олгодог нөхөн олговорыг болих хэрэгтэй гэв. Дунд сургуулийн хүүхэд автобусанд ороод мөнгө төлж байхад оюутан цалин авдаг мөртлөө үнэмлэх үзүүлээд үнэгүй явж байна. Хэн нэгэн настай хүн автобусанд үнэгүй суух хөнгөлөлтөө эдэлж чадахгүй гэртээ сар хэвтэхэд, автобус компани руу мөнгө нь орж байдаг. Ийм шударга бус зүйлд зохицуулалт хийх хэрэгтэй байгааг дуулгалаа.
6
Одоогийн байдлаар нийслэлийн туслах шугамын хэмжээнд 1000 микроавтобус үйлчилдэг ба мөн тооны жолооч, кондуктор ажилладаг байна. Тэд 2016 он хүртэл хуучин шугамын дагуу үйлчилгээнд гаргаж өгөхийг холбогдох албан тушаалтан, эрх мэдэлтнүүдээс хүсч жагсаал хийж байгаа юм. Энэ хугацааг хүртэл машин тэрэг худалдаж авсан өр зээлээ цэгцэлнэ. Тэгээд хотын бодлого, улсын хөгжил тулсан үед бид үйлчилгээнд гарна гэж явахгүй. Тэр үед гадаадаас орж ирэх микро ч байхгүй. Гэр хороололд, ууланд амьдарч байгаа иргэддээ ойроос үйлчлэх автобусыг нь бэлдэж өгөлгүйгээр ширээний ардаас хийсэн энэхүү өөрчлөлт ард түмнийг чинь хохироож байна гэдгийг хэлсэн.
6
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ