Эргэлзээ тайлагдлаа

5
Эрх баригч, сөрөг хүчин, гуравдагч хүчний улстөржих том сэдэв болж зарим нь бүлгээсээ гарч, зарим нэг нь намаасаа хөөгдөх шалтгаан болж байгаа энэ хуулийг санаачилсан Ерөнхийлөгч эгүүлэн татах уу, хориг тавих болов уу, эсвэл намын гишүүдээ хаацайлахгүй тэр чигээр нь зүтгүүлэх болов уу гэдэг хүлээлт нийгэмд үүсээд байсан юм. Тэр хүлээлтийн хариуг Ерөнхийлөгч өнгөрөгч бямба гарагт UBS телевизийн “Кофе юу, цай юу” нэвтрүүлэгт оролцохдоо өглөө.
4
Дан давхар дээл, Оюутолгой, Тавантолгой, Х.Тэмүүжингийн шинэчлэл зөв үү гэх мэт ард түмнийхээ хүлээсэн бүх асуудалд хариулт өгч, ёстой л дотрыг нь уужиртал, одоо юу хүлээх вэ Ерөнхийлөгчийнхөө үгийг сонсчихлоо, эргэлзээ тайлагдлаа гэж хэлтэл нь тодорхой хариулт өгчихлөө. Эв нэгдлийг хангадаг гэдгээ ч энд хөндсөн олон асуудалд голыг нь олсон хариулт өгснөөрөө харуулж чадсан юм. Ерөнхийлөгч санаагаа маш тодорхой илэрхийлсэн. Нэг зүйлийг дутуу хэлчихлээ дээ гэж санаа алдахааргүй болтол нь хариулт өгч чадсан гэж дүгнэхэд буруудах юмгүй. Тухайлбал, “Давхар дээл”-ийг тайлуулах талаар Ерөнхийлөгч хэлэхдээ “Дөнгөж хөл нь усанд хүрэхэд ямар их сандарч байна аа, энэ хүмүүс. Цаашаа хариуцлагын маш олон хууль орж ирнэ. Миний оруулсан хууль Засгийн газрыг огцруулах асуудал болоод хувирчихлаа.
4
Энэ чинь шал өөр асуудал. Хуулийн хугацааг би 2016 оны долдугаар сарын 1-нээс гэж санаандгүй хэлээгүй. Хуулийн хугацааг тулгачихаар баталдаггүй. Хугацааг наашлуулчих юм бол би хориг тавина аа гэж хэлсэн. Маш тодорхой шүү. 2016 он хүртэл гишүүд өөрсдийгөө бэлтгэг. Би сайд болно, гишүүн болно гэж бэлтгэг. Ер нь цаашдаа сав саванд нь оруулъя. Дээл, дээлээ л өмсөг. Фракцийн дүрэмд орчихсон бие биеэ барьцаалсан, 17 нь азаргалсан байдлаар явуулахгүй. Хуулиа эгүүлэн татаад үр дүн гарахгүй. Одоо л шийдмээр байна” хэмээн ярилаа.
4
Мэдээж Ерөнхийлөгч хуулиа эргүүлж татахгүй, харин хугацаагаар оролдвол хориг тавина шүү гэдгээ хэлчихлээ. Улстөрчид, улс төрийн намууд ч энэ асуудлаар улстөржөөд хол явахгүй нь ээ. Ерөнхий сайдыг улс төрийн, эдийн засгийн удирдлагыг гартаа ав гэдгийг хэлсэн гэдэг үг бүх шийдвэрээ чи гарга. Улс төрийг тогтвортой байлга гэсэн итгэл гэж харахаас өөр аргагүй. Улс төрийн тогвортой байдлыг л хүсч байгаа, Н.Алтанхуяг сайд энэ бүхнийг гартаа атгаад явж чадна гэж харж байгаа ч Засгийн газарт хариуцлага алдсан учраас Н.Батбаяр нарын сайдуудтай хариуцлага ярих ёстой гэж харжээ. Нийгмийн хүлээлтийг ч зөв олж харсан бололтой. Ерөнхийлөгчийн хэлснээр Засгийн газар улс орноо хөгжүүлэх, хямралаас гарах гарцаа эрчимжүүлэх, үүний тулд салбарынхаа ажлыг хийж чадахгүй байгаа зарим сайдуудтайгаа хариуцлага тооцох замаар ажлаа хийх хэрэгтэй болжээ. Н.Алтанхуяг сайд төрийг тогтвортой байлгаж чадах эсэхийг хүлээх л үлдлээ.
4
Ажлаа хийж чадахгүй байгаа, Монголд гай болж байгаа нэр заагаад хэлчихсэн гурван сайдыгаа чихнээс нь татаж оруулж ирээд хариуцлага ярих уу гэдгийг харж байя. Дараагийн хүлээлт үүсгэсэн асуудал бол Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн асуудлыг хэрхэн хүлээж авсан бол гэдэг байв. Ерөнхийлөгч “Х.Тэмүүжин алдаа гаргасан. Тэр алдаагаа засч чадна гэдэгт итгэж байна” гэх учир битүүлэг жиргээгээрээ юу хэлэх гэсэн бэ гэдгээ ч энэ үеэр ярьсан юм. Хууль шүүхийн салбарын шинэчлэл бол Х.Тэмүүжин сайд, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёрыг нэг цэгт уулзуулж байгаа ганц зорилго. Зорилгынхоо төлөө энэ хоёр хүн тууштай тэмцэнэ, зорилгоосоо юу ч болж байсан ухрахгүй гэж ард түмнийхээ өмнө амлаж байсан. Харин тэр амлалтыг нь биелүүлэх нэг жигүүрээ хугалахгүй гэдгээ ч тодорхой илэрхийлчихлээ.
4
Өөр юу хэрэгтэй гэж. Хууль шүүхийн салбарын шинэчлэлийг хүсч байгаа, эв нэгдлийг хангагч Ерөнхийлөгчийн байр суурь тодорхой, цаашдаа ч хувирахгүй юм байна. Төрийн тэргүүний үгийг л ард түмэн хүлээж байсан. Яагаад гэвэл энэ хоёр хүн шинэчлэл гэж ярьж, шинэчлэлийн төлөө дуугарсан учраас. Ерөнхийлөгч, Х.Тэмүүжин хувь хүнийхээ хувьд алдаа гаргаж болох ч тэр алдаагаа засч чадна гэж итгэдэг гэдгээ хэлж байна. Ерөнхийлөгч “Бид хууль шүүхийн шинэчлэлээс алхам ч ухрахгүй. Энэ Засгийн газрын эхэлж огцруулах сайд Х.Тэмүүжин биш” гээд хэлчихлээ. Х.Тэмүүжин бол үнэт зүйлтэй залуу хүн гэдгийг хүлээн зөвшөөрлөө.
4
Тэрбээр “Сайн улстөрч болохын тулд есөн шид нь бүрэлдэх ёстой гэж би хэлдэг. Тэр бол үнэлэмжтэй учраас нэг шид нь бүрдсэн. Бас харилцаа гэдэг бол бас нэг шид. Харилцаандаа анхаарах ёстой. Ухрах зүйл байгаа бол ухрах хэрэгтэй. Дандаа 100 хувь гэж байхгүй. 40 нь тэдний зөв байхад 60 нь Х.Тэмүүжингийн зөв л байдаг. Хуулийн шинэчлэл хийнэ гэдэг амаргүй. Шинэчлэл дээр алдаа гардаг. Гэхдээ тэр алдаагаа засчих юм бол цаашаа явна. Тэр Монголын хөгжилд гай болоогүй. Хууль зүйн салбарын шинэчлэлд ч гай болоогүй. Алдаагаа засахгүй яваад байсан учраас л ноцтой гэсэн юм. Гэхдээ тэндээс сургамж авч чадах хүн бол Х.Тэмүүжин. Одоо УИХ-ын чуулганаар маш чухал хуулийн төсөл орж ирэх гэж байна. Маш том хууль. Гэмт хэргийн тухай хууль. Энэ бол хүн бүхний хувь заяанд нөлөөлнө. Бүх хүмүүсийн амьдралд нөлөөлөх хууль. Хууль шүүхийн шинэчлэл одоо жинхэнэ утгаараа хүний амьдрал руу орно.
4
Х.Тэмүүжин зөв зүйлийн төлөө зорьж байгаа. Х.Тэмүүжинг зайлуулах асуудал яригдвал чи эхлээд явна шүү гэж би Б.Билэгтэд хэлсэн” хэмээн ярьсан юм. Огцруулах асуудлыг дөнгөж өргөн барихад нь л “Огцруулахгүй ээ. Хамгаална. Бид хамгаалж байгаад хууль шүүхийн шинэчлэлээ хийнэ” гэдгээ хэлж байжээ. Эхнээсээ л тодорхой байсан байр суурь, нэг зорилгын төлөө зүтгэж яваа, улс төрд биш ард түмэнд хэрэгтэй залуу сайдыг огцруулахгүй гэдэг бол Ерөнхийлөгч, хууль шүүхийн салбарын шинэчлэлийн төлөө явж байгаа хүмүүс, тэр дундаа шинэчлэлийг хамгийн ихээр хүсч байгаа ард түмний зорилго юм байна. Олон ч хүний эргэлзээг энэ ярилцлага тайлсан. Ард түмэн Ерөнхийлөгчийн шийдвэрийг хүлээж байсан юм байна. Нээрээ ч алдчихсан юм болов уу. Тэр ноцтой алдаа гэдэг нь юу юм бол.
5
Нэг зорилгын төлөө явж байгаа хоёр хүний нэг нь үнэхээр алдчихав уу гэсэн эргэлзээ, хүлээс тэднийг зангилж байсан ч одоо Х.Тэмүүжингээр оролдож байгаа нөхдүүд хэн нэгний захиалгаар гэдгийг ойлгож, зөв буруу ойлголтоо цэгцэлж чадлаа. Энэ л том амжилт. Цаашлаад Х.Тэмүүжингийн зөв гэдгийг намынх нь жирийн гишүүд ч хүлээн зөвшөөрч эхэлжээ. АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, УИХ дахь намын бүлгийн гишүүддээ Х.Тэмүүжинг хамгаалах ёстой гэдэг чиглэл өгчээ. АН-ын гишүүд хэн нэгэн эрхтэн дархтан албан тушаалтан, хувийн эрх ашигт бус намын жирийн гишүүд, ард түмэндээ үйлчилж чадах эсэх нь энэ пүрэв гарагт харагдах нь. Шинэчлэлийг ухраах уу, урагшлуулах уу, гишүүд ээ.
w
a
c
Эх сурвалж: www.mminfo.mn
Б.Өнөртогтох
СЭТГЭГДЭЛ БИЧИХ