
“Энэ цагийн эгэл баатрууд”-2011 шалгаруулалтад Онцгой байдлын ерөнхий газрынхан аврагчдаа нэр дэвшүүлжээ. Тэднийг Монголын төдийгүй, Дэлхийн цэвэр усны томоохон нөөцөд тооцогддог Далай ээжээ бохирдохоос хамгаалж байгаль, экологид нөхөж баршгүй гавьяа байгуулсныг үнэлсэн учраас ийнхүү нэр дэвшүүлж байгаа аж.
2011 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын нутаг “Адуутын-Ам” гэдэг газар “НИК” ХХК-ийн тус аймаг дахь салбарын шатахуун тээвэрлэгч хоёр автомашин “Хөвсгөл” нууранд осолдож, нэг иргэн нас барсан ослын дуудлагаар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын хэлтэс, Аврах тусгай ангийн Эрэн хайх, аврах салбарын аврагчид ажиллаж цогцсыг эрэн хайх, 13,2 тонн шатахуун тээвэрлэн явсан хоёр автомашиныг нуураас татан гаргах үйл ажиллагаанд мэргэжлийн өндөр ур чадвар гарган, албан үүргээ амжилттай гүйцэтгэсэнийг уншигч та санаж байгаа.
Монголд анх удаа өвлийн нөхцөлд 50 метрийн гүнийн шумбалт хийж аврах ажиллагааг амжилттай зохион байгуулсан аврагч залуусын гавьяаг хамтдаа эргэн саная.
Хөвсгөл аймгийн Онцгой байдлын хэлтсийн аврагч шадар түрүүч Х.Мөнхбат 2011 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 12:54 цагт нуурын 44 метрийн гүнд шумбан 7 минут ажиллаж осолдогчийн цогцсыг гаргасан.
Харин 2011 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 12:10 цагт Аврах тусгай ангийн аврагч дээд түрүүч Ж.Баяртогтох, Б.Дэлгэрсайхан нар усны гүний шумбалт үйлдэж 50 метрийн гүнд живсэн 75-79 ХӨА дугаартай шатахуун тээвэрлэгч автомашинд 100 метр урт ган татлагыг амжилттай холбосноор уг автомашиныг эрэг рүү татаж гаргах үйл ажиллагаа эхэлж 2 дугаар сарын 15-ны өдөр гэхэд уг автомашиныг 125 метр газар татсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ