Ипотекийн зээлийн 2.9 хувийг гадаад валют эзэлж байна

img

Найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг өнгөрсөн оны 6 дугаар сард олгож эхэлснээс хойш орон сууцны зээл эрс нэмэгджээ. Монголбанкны ипотекийн зээлийн тайлангаас харахад ипотекийн зээлийн хурд 2014 оны 3 дугаар сард өмнөх сараасаа бага зэрэг буюу 0.1 хувиар буурсан хэдий ч 2013 оны эхний улиралтай харьцуулахад 112.8 хувиар өсчээ. Мөн банкуудад байгаа нийт орон сууцны зээлийн үлдэгдлийн 66.2 хувь буюу 1451.9 тэрбум төгрөгийн зээл нь 8 хувийн хүүтэй байгаа аж. Үлдсэн 30.4 хувь буюу 667.4 тэрбум төгрөгийг банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл эзэлж буй бол 3.4 хувийг бусад эх үүсвэрээс олгосон зээл эзэлжээ.

Түүнчлэн энэ оны эхний улирлын байдлаар ипотекийн зээлийн 97.1 хувь нь төгрөгийнх, 2.9 хувь нь гадаад валютын зээл байна. Харин хугацаа хэтэрсэн зээлийн тухайд нийт ипотекийн зээлийн үлдэгдэлд 0.6 хувийг эзэлж буй бол чанаргүй зээл 0.3 хувьтай байгааг дээрх тайланд дурдсан байв.

Арилжааны банкуудын орон сууцны зээлийн хугацааг сонирхвол өнгөрсөн сард олгогдсон зээлийн 46.9 хувь нь 16-20 жил, 40 хувь нь 11-15 жилийн хугацаатай байна. Ингээд 2014 оны 3 дугаар сарын байдлаар нийт ипотекийн зээлийн үлдэгдлийн жигнэсэн дундаж хугацаа 14.8 жил байгаа аж.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ