Солонгон Монголчуудаар дүүрэх вий дээ!
“Гэрлэлтийн гэрээ” нэртэй боолын гэрээний зүйл заалтыг биелүүлэх гэж нэгэн насны амьдралаа там болгон хувиргаж байгаа монгол бүсгүйчүүд олон байгаа талаар манай сайт өмнө нь мэдээлж байсан. “Олон улсын танилцуулах албаар зуучлуулан гэрлэж буй эмэгтэйтэй байгуулах гэрээ”, “Олон улсын хуримын гэрээ болон гэрлэлтийн гэрээ” гэхчлэн хуулийн дагуу мэт зөөлөн нэртэй гэрээнүүдийн цаана “Нөхрийн зөвшөөрөлгүйгээр жирэмслэлтээс хамгаалах хэрэгслүүд хэрэглэхгүй байх болно /Эм уух, спираль тавиулах гэх зэрэг/ “Нөхрийн зөвшөөрөлгүйгээр гадуур хонохыг хориглоно”, “Нөхрөөсөө 3 сарын дотор их хэмжээний мөнгө нэхэж дарамтлахгүй байна”, “Өөрийн нөхрийг ажилдаа явахад нь өглөөний хоол ундыг бэлдэж, сэтгэл санааны дэм үзүүлнэ”, Нөхрөө орой ажлаас ирэхэд нь угтан, цэвэр цэмцгэр тохьтой орчинг бүрдүүлнэ” гэхчлэн эхнэр гэхээсээ илүүтэй хөлсний үйлчлэгчийн үүргийг тодотгосон заалтууд байдгийг илчилж байсан. Тэгвэл гадаадын иргэдтэй гэрлэгсэдтэй холбоотой нэг ч гэсэн эерэг мэдээ дуулгахад сүүлийн 2 жилийн статистикаас үзэхэд гадаад гэрлэлт ялангуяа БНСУ-ын иргэнтэй гэрлэсэн иргэдийн тоо буурч байгаа юм байна. 2007 онд 972 монгол иргэн гадаадын иргэнтэй гэр бүл болж байсан бол 2010 онд 469 болж хоёр дахин буурчээ. Энэ нь өмнөх онтой харьцуулвал 13 хувиар буурсан үзүүлэлт гэнэ.
Гэхдээ буурлаа гээд харь эрсийн цайг чанахаар цөөнгүй эмэгтэйчүүд хүний нутаг руу явсан хэвээр л байна. Даяаршсан дэлхийд хэн нь хэнтэйгээ нийлж, суухыг хавчиж боож болохгүй, тэгээд ч монгол эрчүүд гэж авах юмгүй нөхдүүд гэж зөвтгөх хандлага бий ч, туурга тусгаар Монгол үндэстний цус цэвэр байх учиртай болов уу. Илүүг нуршилгүй баримт хүргэе.
Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд 6128 монгол иргэн гадаадын иргэнтэй гэр бүл болсоны 80 орчим хувь нь 18-25 насны охид, эмэгтэйчүүд байна. Ерөөс гадаадын иргэдтэй гэрлэгсдийн 95-97 хувийг эмэгтэйчүүд бөгөөд 70-аад хувь нь солонгос иргэнтэй гэрлээд байгааг албаны эх сурвалж хэллээ. Харин монгол бүсгүйчүүдтэй гэрлэж байгаа гадаадын иргэд 35-60 насныхан байдаг аж. Хол нутгийн бэр болж байгаа бүсгүйчүүдийн дийлэнх нь гэр бүл зуучлалын байгууллага, танил найз нөхдөөрөө зуучлуулан дээр өгүүлсэнчлэн Солонгос улсын иргэдтэй гэрлэсэн байдаг.
НХХЯ-аас өгч буй мэдээллээр гадаадын иргэнтэй, ялангуяа Солонгос Улсын иргэнтэй гэр бүл болж байгаа иргэдийн асуудлаар “Хүйсийн тэгш эрхийн төв” зэрэг ТББ гэрлэхээс нь өмнөх сургалтад хамруулах ажлыг 2008 оноос зохион байгуулж байгаа нь үр дүнгээ өгч байгаа аж. Тухайлбал сургалтад хамрагдсан Солонгос иргэнтэй гэр бүл болох гэж байгаа зарим эмэгтэйчүүд тухайн улсын хууль, дүрэм, ёс заншил болон гадаад бэрийн амьдралын асуудлаар зохих мэдлэгтэй болмогцоо гэрлэхээсээ татгалзсан тохиолдол гарсан юм байна.
Тэгэхээр нэлээдгүй идэвхжсэн урсгал татарч байгаа бол сайн л мэдээ. Мэдээж гадаадын иргэдтэй гэрлэж болохгүй гэсэн хууль гаргалтай нь биш. Тиймээс манай иргэд хаанахын хэнтэй ч гэрлэсэн иргэний эрх, ашиг сонирхол хангагдаж байх ёстой. Монгол Улсын иргэн нь гадаадын иргэн, харъяалалгүй хүнтэй гэрлэхээр харилцан зөвшөөрөлцсөн тохиолдолд гэрлэхийг хүсэгчдийг хоёр орны соёл, ёс заншил, хууль эрх зүйн талаархи сургалтад хамруулах асуудлыг журамлах хэрэгтэй. Ялангуяа гэр бүл дэх хүүхдийн эрх, аюулгүй байдал, эцэг, эхийн үүрэг, хариуцлага, гэр бүлийн өмч хөрөнгийн харилцаа зэрэг олон асуудлыг эрх зүйн талаас нь нарийвчлан зохицуулж, амьдралд нийцтэй болгох шаардлагатай гэж чиглэлийн яамнаас үзэж байна. Угаас төрийн бодлогын салшгүй хэсэг гэдгийг тодотгож байна.
Тэгэхээр гэр бүл зуучлалын талаар хууль эрх зүйн зохицуулалтыг яаралтай бий болгох, гадаадын иргэнтэй гэрлэсэн монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар тухайн улс орнуудтай Засгийн газрын түвшинд нь хамтран ажиллаж, харилцан мэдээлэл солилцож байх, гадаадын иргэн, харъяалалгүй хүнтэй гэрлэхээр харилцан зөвшөөрөлцсөн тохиолдолд гэрлэхийг хүсэгчдийг хоёр орны соёл, ёс заншил, хууль эрх зүйн талаархи сургалтад хамруулах зэрэг асуудлыг хуульчлах, журамлах, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгохоор ажиллаж байгаа гэнэ.
Тухайлбал Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд гэр бүл, хүүхдийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай байх, гэр бүлийн маргааныг гэр бүлийн асуудлаар дагнасан шүүхээр шийдвэрлэдэг болох зэрэг тогтолцооны өөрчлөлтөөс гадна гэр бүл дэх хүүхдийн өмч хөрөнгийн эрх, хамгаалуулах эрх болон эцэг эхийн үүрэг хариуцлагын талаарх эрх зүйн зохицуулалтыг сайжруулах зорилгоор зарчмын томоохон өөрчлөлтийг тусгав. Мөн гадаадын иргэн болон харьяалалгүй этгээд оролцсон гэр бүлийн харилцаанд Гэр бүлийн хууль тогтоомжийг хэрэглэх асуудлыг тусгаад байгаа гэсэн зүйлийг ярьж байна.
Нэг талаас төр нь харийн иргэдийг ханиараа сонгож байгаа иргэдийнхээ төлөө үүнээс өөрөөр хийж дийлэх зүйл харагдахгүй байгаа юм. Эцсийн дүндээ иргэд өөрсдөө л сонголт хийж байгаа гэж харж болох ч, ийм сонголтыг хийхэд хүргэж байгаа бодит нөхцөл, шалтгаанууд юу байна вэ гэдэг талаасаа харвал илүү өргөн хүрээнд ярих шаардлага гарна. Биднийг ийн суух суур энэ дэлхийгээр дүүрэн Солонгон Монголчууд мэндлэх вий дээ!
Э.Богема
СЭТГЭГДЭЛ БИЧИХ