
Cyberwar гэдэг үгийн оносон орчуулгыг мэдэхгүй юм, кибернэтикийн дайн гэхэд арай л онохгүй болов уу? Гэвч энэ үг толь бичгэнд орхоосоо өмнө аль хэдийн бодит амьдралд ороод иржээ. Өнөөгийн цахим дайралтууд нь зөвхөн цэргийн, улс төрийн, эдийн засгийн
тагнуулын зорилгоор биш харин “дайсны” талын төрийн байгууллагууд, харилцаа холбоо, зам тээвэр, цахилгаан сүлжээ, эрүүл мэнд , үйлдвэрлэл гээд улс орны аюулгүй байдлыг хангах гол салбаруудад дайралт хийн бодит хохирол аюул учруулах түвшинд хийгдэх болжээ. Ганц, хоёрхон жишээ татья. 2010 онд Stuxnet хэмээх шинэ дижитал зэвсгээр Ираны аж үйлдвэрийн салбарт 30000 компютэрийг вирусдуулан тус улсын хараахан ашиглалтанд ороогүй байгаа Бушэхр атомын цахилгаан станцын дотоод сүлжээг унагажээ. Уг вирус түгээгч нь UNIT 8200 хэмээх Изриалын тагнуулын албаны үйл ажиллагаа байсан бөгөөд үүнд АНУ хамтран оролцсон юм. Энэ нь АНУ,Иран, Изриали гэсэн 3 улсын маргааныг бус ойрхи дорнодын улмаар шашны мөргөлдөөнийг өдөөн хатгасасан алхам байлаа. Өнөөдөр АНУ-ын цэргийн тагнуулын RQ170 онгоцыг Ираны тал буудан асуудал улам хурцдаж эхэллээ.
Компютерийн анти вирус программ бүтээгчдийн томд тооцогдох
McAfee компани энэ 8-р сард Хятад Улс НҮБ болон Дэлхийн Олимпийн хорооноос гадна нийт 72 орны засгийн газар, яамд, аж ахуйн нэгжүүдэд хэдэн жилийн туршид хакер тагнуул хийж байсныг мэдээлсэн юм. Гэвч тус дайралтанд өртсөн орнууд (жишээ нь АНУ, Энэтхэг, Тайван, Өмнөд Солонгос, Вьетнам ) албан ёсоор мэдэгдэл хийсэнгүй.
Харин Хятадын Компютер-Сүлжээний Аюулгүй Байдлын алба (
CNCERT) тус улс 2010 онд 500000 гаруй cyber дайралтанд өртсөнөө мэдэгдсэн юм.
Мэдээлэлийн текникийн IBM компани дэлхий нийтийн хэмжээнд өдөрт 13 миллиард дижитал дайралт явагдаж үүнээс үүдэн дэлхийн эдийн засагт 100 миллиард евроны хохирол учирдаг тооцоо гаргасан байна.
Мөн өнгөрсөн 5-р сарын эхээр компютэрийн техникийн түүхэнд гарсан нэгэн том мэдээлэлийн хулгай SONY-ийн тооцоолон бодох төвд нэвтрэн тус компанийн зуун сая гаруй үйлчлүүлэгчдийн овог нэр, банкны мэдээллийг хулгайсан явдал байв. Уг дайралтыг Испани дахь хэдэн хакерууд хийсэн нь тогтоогдон баривчлагдсан ч энэ нь зүгээр нэг томоогүй явдал биш л болов уу?
Энэ оны 1 сард Европын Холбооны эммиссионий худалдааг ( хүлэмжийн хий ялгаруулах зөвшөөрөл, түүний худалдаа) зохицуулагч платтформыг ажилгүй болгосон, Нью Ёоркийн технологийн биржний мэдээлэл хулгайлагдсан гээд олон жишээ дурдаж болно.
НАТО-гийн цэргийн эвсэлд нэгдсэн орнуудын батлах хамгаалахын сайд нар өнгөрсөн оны 11 сард хийсэн стратегийн чуулганы үеэрээ „Cyber-War“ асуудлыг онцлон хэлэлцсэн. Америкийн жишгээр Берлин, Лондон, Парис Cyber- дайралтаас хамгаалах төрийн аппаратууд бий болгов.
Манай төр засгийн аппарат, аж ахуйн нэгжүүд, иргэд бид энэ хэлбэрийн дайралтын бай болоогүй гэх баталгаа байна уу? Бид өөрсдийгээ энэ аюулаас эсвэл болзошгүй аюулаас хамгаалж чадах түвшинд байгаа юу, үүнээс хамгаалах ямар бодлого төр засаг баримталж байна вэ?
Цорын ганцхан энгийн жишээ дурдья. Бүхий л түвшин дэх төрийн албан хаагч, хувийн хэвшлийн хүмүүсийн нэрийн хуудсан дээрхи Е-Майл хаягуудыг та нэг ажиглаарай даа.
Ихэнх нь ……@yahoo.com хаягтай. Эндээс манай төр, засгийн ч хувийн хэвшлийн ч мэдээлэл нэгдсэн сүлжээгээр биш алба хаагчийн, ажилчны хувь, хувьсгал хосолсон хэнд ч хянагдах боломжгүй цацагдаж байх юм.
Ерөнхий сайдын шууд удирдлаганд байдаг Улсын Мэдээлэл Технологийн Газар, Улсын Харилцаа Холбооны Газруудаас ( website) манай улс цахим сүлжээний дайралтаас хамгаалах, түүнээс урьдчилан сануулах, сэрэмжлүүлэх зэрэг цахим аюулгүй байдлыг хангах талын баримтлал, үйл ажиллагаа, арга хэмжээний мэдээлэл авхаар хайлт хийсэн боловч найдвар талаар болов.
Энэ хавар зохиогдсон мэдээлэл, харилцаа холбооны улсын зөвлөлгөөн дээр тус газрын дарга “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”, “Мэдээллийн аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр” зэрэг хөтөлбөрүүдийг боловсруулж Монгол Улсын Засгийн газраар батлуулж хэрэгжүүлэх ажлыг эхлүүлсэн талаараа дурьдсан байна. Харин энэ хөтөлбөр эл асуудал хэрхэн туссан юм болдоо.
Би өөрөө энэ чиглэлээр мэдэж чадах зүйл байхгүй ч мэдээлэлийн эрин зуунд амьдарч буйх уг салбарт гарч буй аятай, аягүй мэдээлэлийг авах хэрээрээ манайд энэ талаар бараг яригдахгүй байгааг анзаарч эл сэдвээр өөрийн бодлоо олонтойгоо хуваалцахыг зорьсон минь энэ.
Түвдийн Болдгэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ