АТГ ажлын садаа юу?
Хоёр долоо хоногийн өмнө Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулан ажилласан хоёр жил орчмын хугацаанд Авлигатай тэмцэх газар /АТГ/, Ардын нам хоёр ажил хийлгэхгүй байна” гэх байр суурийг илэрхийлсэн нь олны анхаарлыг татаж, сощиал ертөнцийнхөн ч энэ тухай шүүрэн авч шуугиулсан билээ.Тэгвэл дээрх байр суурьт АТГ-ын дарга Н.Ганболд хариу өгч, “АТГ нь хараат бус бие даасан байгууллага болохоо” мэдэгдсэн бол Ерөнхий сайд Н.Алтанхуяг өмнө хэлсэн үгээ бататгаж, дахин тайлбар хийснийг “NEWS WEEK” сонин энэ долоо хоногийн дугаарынхаа “VS”-т онцоллоо.
5
Н.Ганболд
Авлигатай тэмцэх газар /АТГ/ нь хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг хараат бус, бие даасан хууль сахиулах, хууль хэрэгжүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэгтэй. УИХ-аас байгуулагддаг, удирдлагыг нь УИХ томилдог. Холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт болон авлигын ерөнхий нөхцөл байдлыг хуульд заасан хугацаанд УИХ-д мэдээлэх үүрэг хүлээдэг байгууллага юм. Өөрөөр хэлбэл, альнэгэнбайгууллага, албан тушаалтанд ажлаа тайлагнадаггүй байгууллага. Харин холбогдох хууль тогтоомжийн дагуу манай тодорхой үйл ажиллагаанд хяналт тавих асуудал нь эрх бүхий байгууллага, албан тушаалтанд нээлттэй байгаа.
Ерөнхий сайд ямар агуулгаар “АТГ ажил хийлгэхгүй байна” гэж хэлснийг үнэндээ сайн ойлгоогүй. Ямар ч тохиолдолд АТГ-ын хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагааг улс төртэй, тодорхой улстөрчтэй холбон ярих, тайлбарлах нь зохисгүй гэдгийг тэмдэглэх байна. Тэр үг нь Н.Алтанхуяг гэдэг хувь хүний үг гэж бид ойлгож, Монгол Улсын Ерөнхий сайдын үг биш гэдэгт итгэж байна.
“Өдрийн сонин” 2014.04.21-нд
5
Н.Алтанхуяг
АТГ-тай холбоотой асуудлаар хувийн байр сууриа илэрхийлээгүй Ерөнхий сайдын хувиар хэлсэн. Ямар үйл ажиллагаа нь буруу харагдаж байгаа вэ гэхээр эдийн засаг өсч хөгжихөд АТГ-ын явуулж байгаа үйл ажиллагаа маш их саад тотгор учруулж байгаа. Ялангуяа баялаг бүтээж байгаа, юм хийе, бүтээе гээд явж байгаа хүмүүсийг дарамталдаг, барьж авч шоронд хийдэг, энэ бол манай нийгэмд байж болшгүй үзэгдэл учраас тэр үгийг хэлсэн.
“Ерөнхий сайдын 30 минут уулзалт” 2014.04.24-нд
5
Бэлтгэсэн Г.ДАРЬ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ