Цагдаагийн хошууч эхнэрийнхээ аминд хүрсэн гэв
Гэр бүлийн хүчирхийллийн улмаас дахиад л нэг эмэгтэй амь насаараа хохирсон харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 18-ны өдөр Ж.Түвшинтуяа гэх эмэгтэй өөрийн нөхөр цагдаагийн хошууч А.Отгонбаярын зодуур, дарамтад өртөж амиа алдсан талаар хохирогчийн ар гэрийнхэн өнөөдөр мэдээлэл хийв.
5
Тэд цагдаагийн ажилтан үйлдсэн хэргээ үнэн зөвөөр нь мэдүүлж, хэрэг дээр ажиллаж буй мөрдөн байцаагч шударгаар шийдвэрлэж чадах эсэхэд эргэлзсэндээ энэхүү мэдээллийг хийж буйгаа тайлбарласан юм.
Уг хэрэгт сэжигтнээр татагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа А.Отгонбаяр нь Говь-Алтай аймгийн уугуул. Цагдаагийн дээд сургуулийг 1999 онд төгссөн. ЦЕГ-ын Хуулийн хэлтсийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа цолтой ажиллаж байгаад хоёр сарын өмнөөс ЦЕГ-ын Дэмжлэг үзүүлэх сургалт дадлагын төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч цолтой ажиллаж байсан юм байна.
5
Талийгаачийн ах Ж.Түвшинцэнгэл “А.Отгонбаяр нь талийгаачийн биед гадны шарх сорви үлдээхгүйгээр зодож, сэтгэл санааны дарамтад байлгадаг, хоёр их сургууль дүүргэсэн байтал ажил хийлгэдэггүй, төгссөн сургууль анги хамт олных нь уулзалтад явуулдаггүй, хүүхдүүдийнхээ гуяны дотор тал гэх мэт биеийн ил харагдахгүй газруудад чимхэх зэргээр өвтгөдөг, байнга түгшүүр төрүүлж ирсэн гэж ярьж байсан. Мөн хүүхдүүд нь “Аавыг зодсоныг өвөө, эмээдээ хэлэх үү ” гэхэд талийгаач зөвшөөрдөггүй байсан аж.
5
Хэрэг гардаг 2014 оны дөрөвдүгээр сарын 17-18-нд шилжих шөнө А.Отгонбаяр нь талийгаачийг дуудан авч гараад хэсэг хугацааны дараа өөрийн төрсөн эгч А.Болормаатай гурвуулаа гэртээ орж ирээд эгчийнхээ дэргэд хэл амаар доромжлон тарчлаан зовоож байсныг хүүхдүүд нь харсан байна лээ. Талийгаачийн биед зодуур нүдүүр, дарамтын ул мөр, нүд нүүр гарын хөхрөлт, гарыг нь хүйтэн мэсээр зүссэн шинэхэн тэмдэг хүртэл байгаа. Үүнийг харахад гадны нөлөөтэй амиа алдсан гэдэг нь хэн ч харсан ойлгомжтой байгаа. Задлан шинжилгээний дүнгээр илүү нарийн хариу гарах байх гэж бодож буй тухайгаа талийгаачийн аав н.Жаргал хэлсэн юм. Задлан шинжилгээний дүн 14 хоногийн дараа гардаг ба ирэх баасан гарагт эсвэл ирэх долоо хоногийн даваа гарагт хариу гарах юм байна.
5
Дүүгээ бусдыг зодож байхад зүгээр хараад зогсож байсан төрсөн эгч А.Болормааг нь хүнд гэмт хэрэг үйлдэгдэж байхад хохирогчид туслалцаа үзүүлээгүй гэсэн үндэслэлээр хамтран хэрэг үйлдсэн гэж сэжигтнээр татаагүйд хохирогчийн ар гэрийнхэн гомдолтой байгаагаа илэрхийлсэн.
5
Хохирогчийн ах Ж.Түвшинцэнгэлийн хэлснээр цагдаагийн рапортод талийгаачийг “өөрийн буруутайгаас болж амиа алдсан” гэх мэтээр бичигдсэн нь бусдад буруу ойлголт төрүүлээд байна. Талийгаач нь 6-14 настай гурван хүүхэдтэй байсан ба гурван хүүхдийн эх хүн өөрийгөө егүүтгэх ямар ч үндэсгүй, биед нь амиа хорлосон шинж тэмдэг байхгүй. Би талийгаачийг зодож байгаад ухаан алдах юм уу, нас барахаар нь аваад тагтаар шидчихсэн юм болов уу гэж таамаглаж байгаа. Хэрэв амьд хүнийг шидсэн бол хашгирах дуу авиа гарах ёстой тийм дуу авиа гараагүй, юм унах чимээнээр хүүхдүүд нь жижиг өрөөнөөс гарч ирээд харахад ээж нь тагтны доор хэвтэж байсан гэсэн. Тэгээд намайг дуудсан. Угаасаа ээжийг нь зодож байхыг хүүхдүүд нь харсан. Тэднийг хараад байхаар жижиг өрөөндөө оруулаад, гарч ирвэл ална гэж заналхийлсэн юм билээ.
5
Уг хэргийг харьяаллын дагуу БГД-ийн Цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа аж. Сэжигтнээр татагдсан А.Отгонбаяр нь цагдаагийн байгуулагад ажиллаж байсан, танил тал ихтэй зэрэг нь хэргийг шалгах, шийдвэрлэх явцад нөлөөлөх магадлал өндөртэй нь хохирогчийн ар гэрийнхэний санааг зовоож буй юм байна. Тиймээс А.Отгонбаярт холбогдох эрүүгийн гэмт хэргийг үнэнээр нь шуурхай шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Ерөнхий прокурор, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, УИХ-ын Эмэгтэй гишүүдийн зөвлөл, Хууль зүйн сайд, ЦЕГ-ын дарга нарт хүргүүлжээ.
6
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ