Манай улсын таван иргэн хар тамхины хэргээр цаазын ял сонсчээ
Энэ оны эхний гурван сарын байдлаар манай улсын хэмжээнд хар тамхи мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис, түүхий эдийн хууль бус үйлдэлтэй холбоотой 133 гэмт хэрэг, 365 үйлдэлд 460 хүн холбогдон шалгагджээ.
.
2010 оноос хойш бүртгэгдсэн гэмт хэргийг 2002-2009 оны гэмт хэргийн дундажтай харьцуулж үзэхэд гэмт хэрэг үйлдэл нь 7,6 дахин, холбогдогч нь 5,3 дахин өссөн үзүүлэлттэй гарсан байна. 2002-2009 он буюу нийт 63 гэмт хэрэг, 68 үйлдэлд 184 хүн холбогдон шалгагдаж байсан бол 2009 оноос хойш энэ төрлийн гэмт хэрэг, түүнд холбогдогчдын тоо хэт өсчээ.
.
Монгол улсын 66 иргэн хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэрэгт гадаадын улс оронд шалгагдаж, хэрэг нь шийдвэрлэгдэн, шийтгэгдсэн байдаг аж. Тухайлбал, Унгар болон Казахстан улсад тус бүр гурав, ОХУ-д зургаа, Словак, Бангладеш, Филиппин, Грек, Болгар улсад тус бүр нэг, Малайзад тав, БНХАУ-д 44 иргэн байна. Үүнээс БНХАУ-д байгаа таван иргэн цаазаар авах ялаар шийтгүүлэх бол Малайзад шалгагдаж байгаа гурван иргэн мөн цаазаар авахуулах ялаар шийтгүүлэх магадлалтай гэж Мөрдөн байцаах газрын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга дэд хурандаа Б.Батзориг ярьсан.
.
Мөн манай улсын хоёр иргэн хар тамхи мансууруулах бодисыг залгиж, ходоодондоо тээн, тээвэрлэгчийн үүрэг гүйцэтгэж явахдаа амь насаа алдсан харамсалтай тохиолдол байгаа. Ийнхүү манай улсын иргэд эх орондоо болон, хилийн цаана хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдож, цаазаар авах хүртэлх ялаар шийтгүүлэх нь ихсэж байна.
.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ