Эдийн засгийн идэвхижлийг нэмэгдүүлнэ

img

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн  хуралдаанаар гурван асуудал хэлэлцээр шийдвэрлэсэн юм. Хуралдаанаар эхлээд Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай  УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэйгээр байнгын хорооноос байгуулсан ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг гишүүдээс ирүүлсэн санал нэг бүрийг хуралдаанаараа хэлэлцээд зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй нийт 40 саналын томъёолол бэлтгэснээ байнгын хорооны хуралдаанд оруулсан юм. Ингээд ажлын хэсгийн гаргасан саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь уг саналуудыг дэмжлээ. Тухайлахад, ажлын хэсгийн гаргасан саналаар уг тогтоолын нэрийг “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” гэж өөрчлөхөөр болов.

 

Мөн эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх арга хэмжээний чиглэлд заасан арга хэмжээг УИХ-ын 2014 оны хаврын чуулганы хугацаанд багтаан хэрэгжүүлэхийг Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд тус тус үүрэг болгох юм. Уг  чиглэлд заасан арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж ажиллах, холбогдох хууль тогтоомжийн төслийг 2014 оны зургадугаар сарын нэгний дотор багтаан УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгахаар тогтлоо.  Түүнчлэн Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлагдсантай холбогдуулан Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах болон ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагааг сэргээхтэй холбогдох хуулийн төслийг тодорхой чиглэлээр боловсруулж өргөн мэдүүлэх, Төрийн өмчийн хороо болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн удирдлагын тогтолцоог шинэчлэх, засаглалын бие даасан байдлыг хангах, үйл ажиллагааг бизнесийн зарчимд нийцүүлэх, Засгийн газраас төрийн өмчит компанитай зөвхөн татвар ногдуулах, ногдол ашиг хуваарилах сувгаар харилцдаг болох эрх зүйн орчныг бүрдүүлэх саналыг байнгын хорооны гишүүд дэмжсэн байна.

 

Мөн төсвийн урсгал зардлыг бууруулж, хэмнэлтийн горимд шилжих, улсын төсөвт ашиглах төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг тогтсон аргачлал, эх сурвалжид үндэслэн тооцох, хөрөнгө оруулалтын зардлыг бууруулахгүй байх, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагуудын бүтэц, чиг үүргийн давхардлыг арилгаж, тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж өргөн мэдүүлэхийг тогтоолын төсөлд тусгахаар болжээ.

Дараа нь тогтоолын төсөлд тусгуулахаар УИХ-ын гишүүдээс гаргасан хажуугийн саналын томъёоллуудаар санал хураалт явуулсан юм. Санал хураалтыг үдээс хойш үргэлжлүүлэн явуулахаар боллоо. Үдээс хойших хуралдаанаар мөн  Авто замын салбарт төрөөс баримтлах бодлого батлах тухай төслийн  хэлэлцэх эсэх, “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийн үйл ажиллагааг хянан шалгах ажлын хэсэг байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна.

.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tsagdaa:
tsagdaagiin utsand arhi uugaad zorigtoi bolood alna shuu gej helnedee
2014-04-30