Ял завшуулдгийг зогсооно

img

 

УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хоёр хуулийн төсөл өргөн барив. Эрүүгийн хуульд заасан хэм хэмжээг тодорхой болгох, ойлгомжгүй буюу оновчгүй хэрэглэсэн зарим нэр томъёог залруулах, олон улсын гэрээ, конвенцид нийцүүлэх талаар нарийн судлан үзсэний үндсэн дээр Гэмт хэргийн тухай хуулийн төслийг боловсруулсан гэдгээ төсөл санаачлагч танилцуулсан.  Өнөөгийн Эрүүгийн хуульд хууль зүйн техник буюу хуулийн бүрдэл хэсгийн хоорондын уялдаа холбоо, хэм хэмжээний бүтэц, хэл зүйн найруулга, холбоос үгний сонголт, нэр томъёоны оноолт тогтож хэвшээгүй, нэг мөр болоогүй учраас хуулийг иргэд төдийгүй хуульчид ойлгож хэрэглэхэд хүндрэлтэй, шүүх, прокурор, өмгөөлөгч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид нэг хэргийн хувьд хуулийг олон янзаар тайлбарлаж хэрэглэх явдал түгээмэл байна.

 

Иймд Эрүүгийн хуульд баримтлах хууль зүйн техникийн жишгийг шинээр тогтоосны үндсэн дээр хуулийн эх бичвэрийг бүхэлд нь хянан үзэж, тусгай ангийн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тодорхойлсон байна. Мөн энэ өдөр тэрбээр Зөрлийн тухай хуулийн төсөл өргөн барьсан юм.  Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад харилцааг зохицуулсан 220 гаруй хуулиар тогтоосон захиргааны зөрчил, түүнд хүлээлгэх захиргааны хариуцлагыг тодорхойлсон хэм хэмжээг төрөлжүүлэн нэгтгэж, Гэмт хэргийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал агуулга, хууль зүйн техникийг баримтлан Зөрчлийн тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

 

Хуулийн төсөл 16 бүлэгтэй бөгөөд Зөрчлийн тухай хуулийн Ерөнхий ангид зарчмын шинжтэй зарим зүйлийг Гэмт хэргийн тухай хуулийн ерөнхий ангитай уялдуулсан байна.  Монгол Улсад хууль сахиулагч нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын доод хэмжээгээр тодорхойлох заалтыг баримталж, түүнээс доош хохирол учирсан байвал “захиргааны зөрчил” гэж үзэн шийдвэрлэж хэвшсэн. Халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаа хүнд захиргааны хариуцлага хүлээлгэхдээ үнэлгээчин, хууль сахиулагчийн үзэмжээр хохирлын доод хэмжээнд хүргээгүй хэмээн үзэж хэрэгсэхгүй болгон ял завшуулдаг. Тухайлбал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрээгүй хулгайг “ашиглан шамшигдуулах” зөрчил гэж үзэж торгох төдийгөөр шийтгэж байгаа нь гэмт хэрэг, зөрчлийг материаллаг шинжээр ангилсны хор, уршиг гэж хуулийн төсөл санаачлагчид үзсэн байна. Зөрчлийн тухай хуулийн төслийн тусгай ангийн бүлэглэл нь Гэмт хэргийн тухай хуулийн төслийн тусгай ангийн бүлэглэлтэй адил байдлаар эрэмблэгдсэн байна.

Б.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

chadah uu:
zav*d duuschihsan yum bishuu.
2014-04-30