“Эзэмшсэн мэргэжлээрээ эх нутагтаа ажиллацгаая” чуулган боллоо

img

 

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийн ивээл дор "Эзэмшсэн мэргэжлээрээ Эх нутагтаа ажиллацгаая" сэдэвт чуулга уулзалт өчигдөр Төрийн ордонд  зохиогдлоо. Энэхүү чуулга уулзалтад Өмнөговь, Орхон, Дархан-Уул, Дорноговь аймаг болон Улаанбаатар хотын их, дээд сургуулиудад суралцаж буй  800 оюутнаас гадна Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, Хөдөлмөрийн хэлтэс, сумдын Засаг дарга нар,  Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдээс төлөөлөгчид оролцсон юм.

ы

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ чуулганыг нээж хэлсэн үгэндээ, Өмнөговь аймгийн хөгжил дэвшлийн түүчээ, гол эрч хүч нь нутгийн оюутан залуус юм гэдгийг онцлоод, уул уурхайгаар тэргүүлэгч  Өмнөговьд бүхий л салбарт хөгжиж дэвших боломж байгаа гэдгийг дурдлаа. Тухайлбал, Өмнөговьчууд аялал жуулчлалыг тэргүүлэгч салбар болгож, оюутнуудыг энэ чиглэлээр мэргэшсэн чадварлаг боловсон хүчин болохыг захилаа. Мөн боловсролыг дэмжих “Говийн Ирээдүй” сан байгуулж байгаагаа мэдэгдээд, энэхүү сангаараа дамжуулан сурч боловсрох их хүсэлтэй ч амьдралын боломж муутай оюутнуудад туслах, сурлагаараа тэргүүлэгч, идэвх зүтгэлтэй, төрөлх нутгийнхаа хөгжилд манлайлан оролцох оюутан залуусыг дэмжин ажиллахаа амлалаа.

ы

60 гаруй мянган хүн амтай Өмнөговьчуудын бараг тэн хагас нь залуучууд байдаг. Тэдний төлөөлөл болж, их дээд сургуульд суралцаж байгаа 2400 гаруй оюутан залуус бий. Харин энэ хавар Өмнөговийн 450 орчим залуу их дээд сургуулиа төгсч, ажил амьдралын гараанд гарахад бэлэн болжээ. Энэхүү чуулга уулзалтын үеэр  Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хийж буй ажлууд, орон нутагт хэрэгцээтэй байгаа  ажлын байрны талаар мэдээлэл хийж, Өмнөговь аймагт уул уурхай, барилга, боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлал, банк санхүү болон бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд хүний нөөцийн бодлого, ажилд авах журам, тэтгэлэгт хөтөлбөрөө танилцуулж, нээлттэй ажлын байранд ажилд орохыг хүссэн залуучуудыг шууд бүртгэж, ярилцлага хийж, шууд холбоо тогтоож байсан нь залуучуудын хүсэл сонирхолд нийцсэн алхам боллоо. Мөн зуныхаа амралтаар нутагтаа ажил хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхолтой залуучууд аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн бүртгэлийн ажилтанд шууд бүртгүүлж  байлаа.

s

Нутгийн төгсөгчдөө ажлын байраар хангах, тэднийг дэмжин ажиллахаар төрийн байгууллагуудаас гадна “Оюутолгой”, “Энержи ресурс”, “Монголын алт”, “Эрдэнэс таван толгой”, “Таван толгой” ХК, Саусгоби сэндс, Терра энержи, Өсөх зоос, Тавантолгой Транс ХХК зэрэг уул уурхайн компаниуд, “Гайхамшигт говь” аялал жуулчлалын холбоо, “Хаан”, “Голомт” банкууд зэрэг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд оролцож залуучуудад өөрсдийн хүний нөөцийн бодлого, нээлттэй ажлын байраа танилцууллаа.

a

Манай улс 180 орчим мянган оюутантай бөгөөд жил бүр 30 гаруй мянган залуус их дээд сургуулиа төгсч, дипломоо гарддаг. Харин тэдний дөнгөж 40-өөдхөн хувь нь мэргэжлээрээ ажилд орж, амьдралын гараагаа эхэлдэг. Үлдсэн нь  ажлын байргүй, мэргэжлийн бус, цалин бага, ажиллах орчин нөхцөл алга гэх мэт аахар шаахар шалтаг тоочин ажилгүйчүүдийн эгнээнд шилждэг. Харин их дээд сургууль төгсөгчдөө орон нутагтаа урин дуудах, тэднийг аятай тухтай, сэтгэл дүүрэн ажиллаж амьдрах нөхцөл бололцоогоор хангах, ажил олгогч байгууллага-ажил хайгч төгсөгчдийг холбох, орон нутагт үйл ажиллагаа эрхэлж байгаа төр болон хувийн байгууллага, аж ахуйн нэгжүүдээ идэвхжүүлсэн тус чуулган нь бусад аймаг, орон нутаг санаа авууштай арга хэмжээ боллоо хэмээн зохион байгуулагчид дүгнэж байлаа.

s

П.Наран   

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ggfgfg:
iim uchraas l davhar deeliig tailuulakh heregtei yum shuu dee ene hun uih iin gishuun uchraas iim zuil sanaachlaad hiikh ni zov batlan hamgaalakhiin said hun hezee ch oroltsoj bolokhgui ajil yum
2014-05-01
зочин:
эдийн засгийг 100 хоногт эрчимжүүлэхтэй холбоотой төрийн албаны зардлыг 30 хувь багасгах шийдвэр гарсан гэж байна, яамдаар ийм яриа таржээ, гэтэл гадаадад төгсөөд ирснийгээ оруулах байтугай одоо байгаа хэдийнхээ 30 хувийг хасах тухай ярьж байна шүү дээ, ингэж хүмүүсийг худлаа хошгирууоахаа болимоор юм даа
2014-04-30