Интернэт яг л крантны ус шиг ердийн хэрэглээ
21 дүгээр зууны Монгол залуусын хувьд интернэт яг л крантны ус шиг ердийн хэрнээ салшгүй хэрэглээ болсон гэдэгтэй санал нэгтэй байна. Монголд интернэт нэвтэрсэний 15 жилийн ой тохиож буй энэ өдөр “хэрэв интернэт үгүй байсан бол” гэх асуултыг та бид өөр хоорондоо тавиад нэг үзэхэд хариулт нь сонирхолтой байх болов уу. Тэгэхээр хамгийн энгийн ойрхон жишээг хэлье л дээ. Ар гэр, ах дүү нараас нь хэн нэгэн нь гадаад улс оронд ажиллаж, амьдардаггүй Монгол өрхийг олоход бэрх. 1996 оноос өмнө интернэт нэвтрээгүй байсан тэр жилүүдэд хүний нутагт яваа ах дүү, амраг садангаа мэнд сайн яваа сургийг гаргах гэж үгээ бардаг байсан даа. Тэгвэл өдгөө өдөр бүрийн өглөө бас өдөр тэгээд оройд нь, ер нь 24 цаг харгалзахгүйгээр тэдэнтэйгээ ярилцах, зүс царайг нь харчих боломжийг гагцхүү “нэт”-л танд олгож буй билээ. Гэхдээ интернэт бол зөвхөн холбооны хэрэгсэл биш. Нийгмийн маш том хэрэгсэл гэдгийг дэлхий даяар хүлээн зөвшөөрч байна. Энэ бол сурталчилгаа биш. Бодит байдал юм.
Үндэс угсаа, арьс өнгө, нас хүйс, шашин шүтлэг үл харгалзан ёстой л хоёрыг уулзуулж, холыг ойртуулж ирсэн гавьяа интернэт гэгч гайхалд бий. Америкийн жирийн нэгэн оюутан залуу Facebook сүлжээг нээсэн нь өдгөө дэлхийн олон улс орны 500 сая хэрэглэгчдийг өөртөө нэгтгэж, газар нутаг хил хязгаараар бус виртуал буюу интернэтийн орон зайд хүмүүс хэрхэн шинээр “нийгэмшиж” буйг тодоор харуулж байна. Нэг ёсондоо, та энэ зуунд амьдарч буй тань үнэн л бол мэдээллийн зууны гол “баялаг”болсон интернэт гэгч хил хязгааргүй улсын “иргэн” нь болохоос өөр аргагүй болж байна.
Энэ “улс” таныг хүч түрэмгийлэн эзлэхгүй. Та зүгээр л дагаар орохоос өөр аргагүй юм. Та өнөөдөр интернэтийн ачаар хэн ч болж болно. Та үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж болно. Та мөнгө олж болно. Та бизнесийн алтан түншээ “нэт”-ээр олж болж байна. Ажил дээрээ сууж байгаад л утасныхаа төлбөрийг төлчих боломжийг үнэндээ бол “нэт” л танд олгож байгаа шүү дээ. Энгийн хэрнээ үр ашиг нь хэмжихэд тоймгүй ИНТЕРНЭТ Монголд нэвтэрсэний 15 жилийн ойн өдрийн мэндийг нийт Монголчууддаа ShuuD.mn сайтын хамт олноос хүргэе.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ