МҮЭХ-ноос өнөөдөр цуглаан зохион байгуулна
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр эв нэгдлийн цуглааныг Чингисийн талбайд 13.00 цагаас зохион байгуулах гэж байна. Уг цуглаанд МҮЭ-ийн холбооны удирдлага, ажилтнууд, мэргэжил үйлдвэрлэлийн 14 ҮЭ-ийн холбоод, харъяа байгууллага, ҮЭ-ийн гишүүд, идэвхтэн сонгуультнууд, иргэдийн төлөөлөл оролцоно. Орон нутагт мөн нэг цагт цуглаан болж, эв санааны нэгдлээ илэрхийлэх аж.
.
Цуглааны зорилго нь иргэдийн цалин, тэтгэврийн нэмэгдэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний өсөлт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, ажлын байрны баталгаа, гурван талт хэлэлцээрт туссан ажлыг хэрэгжүүлэх зэрэг олон чухал асуудлаар иргэд хөдөлмөрчдийн санал бодлыг сонсоход чиглэж байгаа юм.
Улс орны нийгэм, эдийн засгийн төлөв байдал хүндрэлтэй, иргэдийн цалин орлогын худалдан авах чадвар мэдэгдэхүйц буурч, зарим байгууллага ажлын байраа цөөлөх явдал гарч байгаад МҮЭ-ийн холбооноос арга хэмжээ авч ажиллахыг УИХ, Засгийн газарт удаа дараа сануулаад байгаа билээ. Мөн цалин, тэтгэвэр тэтгэмжийг индексжүүлэх тухай хууль, адил хөдөлмөр эрхэлж буй хүмүүст ижил хэмжээний цалин олгох, гадаад дотоод ажилчдын цалингийн зөрүүг арилгах, контракт гэрээгээр ажиллаж буй гадаад дотоод мэргэжилтний цалингаас нийгмийн даатгалын шимтгэл тооцдог болох эрх зүйн орчныг бүрдүүлэхийг УИХ, Засгийн газраас шаардах аж.
.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ