Дорнодын Цагдаагийн газар номын сантай боллоо
Цагдаагийн газрын алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, дэлхий дахины түүх, соёл, уран бүтээлтэй танилцуулах зорилгоор Дорнод аймгийн Цагдаагийн газар шинээр номын сан байгуулжээ.
Номын сангийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Төв номын сангийн дарга Ж.Цагаан, Зэвсэгт хүчний 327-р ангийн штабын дарга, дэд хурандаа Т.Ням-Эрдэнэ нарын албаны хүмүүс оролцжээ. Энэ үеэр Төв номын сангийн дарга Ж.Цагаан сүүлд гарсан шинэ номуудынхаа дээжээс хандивлаж, цаашид хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.
Шинээр байгуулагдаж буй номын санд алба хаагч бүр ном хандивласан ба одоогоор 200 гаруй ном цуглараад буй аж. Мөн албаны сургалтын чиглэлийн 500 гаруй ном сурах бичиг байна. Номын санг сэтгэл зүйч, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Батсүрэн хариуцаж ажиллуулан, өдөр тутам алба хаагч нарт карт нээн, номоор үйлчлэх гэнэ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ