Тэнэмэл хүүхдүүдийг асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ
Нийслэлд орон гэрээсээ дайжсан, тэнэмэл байдлаар амьдарч байгаа хүүхдүүдийг олж тогтоох, эрх ашгийг хамгаалах зорилгоор цагдаагийн хэлтсүүдийн Хэв журам хамгаалах тасаг, нийслэлийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газар, дүүргүүдийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төвтэй хамтран “Тэнэмэл” арга хэмжээг зохион байгуулж буй аж.
Энэ ажлын хүрээнд нийслэлийн зургаан дүүрэг, Төв, Дархан-Уул аймгийн гэр оронгүй, тэнэмэл, гэрээсээ дайжсан, асран хамгаалагчгүй 29 хүүхдийг олж тогтоон, холбогдох газруудад нь хүргэжээ. Тодруулбал, 16 хүүхдийг эцэг эх асран хамгаалагчдад, 13 хүүхдийг асрамж халамжийн төвд хүлээлгэн өгсөн байна.
Мөн нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын мэргэжилтнүүд тэдэнтэй уулзалт зохион байгуулж, хооллон эмчийн үзлэг оношлогоонд хамруулан найман хүүхдэд эмнэлгийн тусламж үзүүлжээ. Мөн цаашид тэдэнд хийвэл зохих эмчилгээ сувилгааны талаар эцэг эх, асрамж халамжийн төвийн эмч, нийгмийн ажилтан нарт зөвлөмж хүргүүлсэн байна.
Цаашид “Тэнэмэл” арга хэмжээний хүрээнд гэрээсээ дайжсан болон орон гэргүй буй хүүхдүүдийг түр хамгаалах байранд төвлөрүүлэн бүртгэлжүүлэх, тэднийг дүүргүүдийн Гэр бүл хөгжлийн төв, хүүхдийн асрамж халамжийн төвүүд болон эцэг, эх асран хамгаалагчийн асрамжид хүлээлгэн өгөх юм.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ