Хөдөлмөрчдийн нийгмийн баталгааны төлөө нэгдэв
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр “Иргэд хөдөлмөрчдийн нийгмийн баталгааны төлөө” эв нэгдлийн цуглааныг Чингисийн талбайд зохион байгуулж байна. Уг цуглаанд МҮЭ-ийн холбооны удирдлага, ажилтнууд, мэргэжил үйлдвэрлэлийн 14 ҮЭ-ийн холбоод, харъяа байгууллага, ҮЭ-ийн гишүүд, идэвхтэн сонгуультнууд, иргэдийн төлөөлөл оролцож байгаа аж.
5
Энэ үеэр иргэдийн цалин, тэтгэврийн нэмэгдэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний өсөлт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, ажлын байрны баталгаа, гурван талт хэлэлцээрт туссан ажлыг хэрэгжүүлэх зэрэг олон асуудлаар санал солилцох юм байна.
5
МҮЭХ-ноос 2014 оныг “Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, ажилтан хүний ажлын байр бүрийг эрүүл аюулгүй байлгах жил” болгон зарласан. Улс орны нийгэм, эдийн засгийн төлөв байдал хүндрэлтэй, иргэдийн цалин орлогын худалдан авах чадвар мэдэгдэхүйц буурч, зарим байгууллага ажлын байраа цөөлөх явдал гарч байгаад МҮЭ-ийн холбооноос эсэргүүцэж байгаа юм. Тиймээс энэ удаагийн жагсаалаар цалин, тэтгэвэр тэтгэмжийг индексжүүлэх тухай хууль, адил хөдөлмөр эрхэлж буй хүмүүст ижил хэмжээний цалин олгох, гадаад дотоод ажилчдын цалингийн зөрүүг арилгах, контракт гэрээгээр ажиллаж буй гадаад дотоод мэргэжилтний цалингаас нийгмийн даатгалын шимтгэл тооцдог болох эрх зүйн орчныг бүрдүүлэхийг УИХ, Засгийн газраас шаардах аж.
5
Сонирхуулахад, өнөөдөр “Олон улсын эв санааны нэгдлийн өдөр” буюу Тавдугаар сарын 1-ний өдөр тохиож буй. Энэ өдрийг дэлхийн 161 орны 325 ҮЭ-ийг эгнээндээ нэгтгэсэн 176 сая гишүүдтэй олон улсын ҮЭ-ийн холбоо “Хүчирхэг ажилчдын хөдөлгөөнийг бий болгоё” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм байна.
П.Наран
Гэрэл зургийг Б.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ