Сноуданы визний хугацааг сунгаж магадгүй
АНУ-ын Тагнуулын экс ажилтан Эдвард Сноуданы ОХУ-д түр орогнох хугацааг сунгана гэдэгт итгэлтэй байгаа тухай түүний өмгөөлөгч Жесселин Рэдэк “Ройтерс” агентлагт ярьжээ.
ОХУ-ын хуулийн дагуу Сноуданд түр орогнох зөвшөөрлийг нэг жилийн хугацаатай олгосон юм. Энэ журамд зааснаар Сноудан дахин 12 сарын хугацаагаар оршин суух эрхээ сунгаж боломжтой аж. Экс тагнуулын өмгөөлөгчийн мэдээлснээр энэ асуудлаар тэд Оросын эрх баригчидтай хэлэлцээгээ амжилттай үргэлжлүүлж байгаа гэнэ.
Тэрбээр, “Сноудан мэдээж гэр бүлдээ санаа зовж байгаа. Тэгэхдээ тэр бас амь насандаа ихээхэн санаа зовж байгаа учир Ерөнхийлөгч Путинтай визний хугацааг сунгах асуудлаар хэлэлцэж эхэлсэн” гэжээ.
АНУ-ын хууль хяналтынхан Эдвард Сноуданыг Засгийн газрын өмчийг хулгайлсан, Батлан хамгаалахын нууц материалыг задруулсан, тагнуулын нууц материалд зөвшөөрөлгүй нэвтэрсэн зэрэг олон хэрэгт буруутган, 30 жилийн ял оноохоор төлөвлөөд буй. Сноудан ОХУ-д өнгөрсөн наймдугаар хойш орогнож буй.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ