Х.Тэмүүжин: Хуулийн байгууллагынхан мөнгөтэй хүмүүс рүү дайрдаг боллоо
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийг эрчимжүүлэх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Уг төсөлтэй холбоотойгоор байнгын хорооноос гаргасан дэмжигдээгүй саналын томъёоллоор санал хураалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Саналын томъёололтой холбогдуулан гишүүд байр сууриа хэл байлаа.
Хуульзүйн сайд Х.Тэмүүжин:
-Манай хуулийн байгууллагууд мөнгөтэй хүмүүс рүү дайрдаг болж байна. Зарим бизнесмэн, улстөрчид өрсөлдөгчөө хуулиар намнадаг болж байна. Баялаг бүтээгчид ажлаа хийгээд, Монгол Улсын орлогыг өсгөөд явж байх нь чухал юм уу, шоронд хэрэгтэй юу? Одоо хүмүүс хуулийн байгууллагын шинэтгэлд эргэлзэж байна. Энэ эргэлзээг ил тод болгохын тулд эдийн засгийг нээлттэй болгох хэрэгтэй. Тиймээс энэ Өршөөлийн хуулийг гаргах хэрэгтэй. Үүнээс өмнөхийг мартахын тулд нэн даруй хурдан ажиллах чухал юм. Хуримтлал үүсгэж, баялаг бүтээнэ гэдэг чинь хамтын ололт байдаг. Тийм учраас УИХ дээрх ойлголцлоо нэгтгээд Өршөөлийн тухай хууль дээр 14 хоногийн дотор санал нэгдэх хэрэгтэй гэдгийг онцолж байна.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
-Засгийн газрынхан өмнөх хоёр жилдээ хийж болохоор байсан ажлуудыг эрчимжүүлэлт дээр тусгажээ. Тусгай зөвшөөрлийн тоог багасгана гэсэн. Хоёр жилийн хугацаанд хийж чадаагүй байж одоо 100 хоногт яаж хийх вэ. Эдийн засгийн өршөөлийн тухай хууль гэнэ. Гэтэл өчнөөн хүнийг хорьж, эдийн засгийг зогсоочихоод одоо юун өршөөх вэ.
.УИХ-ын гишүүн Д.Оюунбаатар:
-Бидний буцаасан хуулийн төслийг оруулаад ирлээ. Энэ чинь Эдийн засгийн өршөөлийн хуультай холбоотой асуудал. Улс төр, бизнесийн бүлэглэлийн тэмцэл улстөрчид байтугай энгийн ард түмэнд харагдаад байна. Энэ асуудлыг талцлын биш байр сууринаас хандах хэрэгтэй. Гадаадад мөнгөө хадгалуулсан хүмүүс үүнд хамрагддагүй. Монголдоо байгаа жижиг бизнесмэнүүдээ хардаж, хориод байдаг.
.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:
-100 хоногт хэрэгжүүлэх эдийн засгийг эрчимжүүлэх хуулийн төсөлд баахан хуулийн жагсаалт орлоо. Хэрэгжих нь юу л бол. Өршөөлийн хууль гаргана гэж байна. Би Хуульзүйн сайд байхдаа бизнесмэн рүү хоморголон дайрсан ажиллагаа явуулаагүй. АТГ-ынхны кампанит ажил л хийгдээд байна. Эрх баригчид энэ увайгүй явдлаа зогсоох хэрэгтэй. Авлигатай тэмцэх гэдэг чинь бусдын дотоод хэрэгт орж хувиар 10-аад жил болж байна. Эрх барьж байгаа хүчний том дарга нар амаа татвал яасан юм бэ, бүтэн ажил цуурлаа. Өршөөл гэдэг чинь олигтой зүйл биш. Эрүүгийн хуулиа хэрэглэж чадахаа больсон. Гартаа барих үзэггүй шахуу ганц сэтгүүлчийг Засгийн эрх хууль бусаар авах гэж байна гэх нэрийдлээр хорьж, шалгалаа. Ингэж дарамталдаг явдлаа эрх баригчид зогсоох хэрэгтэй. Одоо сөрөг үг хэлдэг, сөрөг хүчний хүн гэж тооцдогсон хүмүүсийг мөрдөж байцаадгаа боль.
УИХ-ын гишүүн Сү.Батболд:
-Бид хэн нэгний хийж байсан ажлаа үгүйсгэж, сөрөг болгодог. Бодлогын залгамж чанар алдагдсан. Тиймээс энэ асуудлыг нэг мөр болгоё. Аль ч нам, засаг гарч ирсэн урт хугацааны баримтлах бодлоготой болъё. Энэ асуудал дээр бид илүү зөв, тогтвортой болгох талаас нь санал санаачлага гаргаж байна. Тиймээс дугуйг дахин бүтээгээд яах вэ. Улс орны макро эдийн засгийн өсөлт, хүний хөгжлийн индексүүдийг гаргая. Тэгээд хүний хөгжлийн бодлого, хэмжүүр, үр дүнг нь харъя.
Ийнхүү чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ