Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөгөөрөө 74 дүгээрт бичигджээ
Өнөөдөр дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Нэгдсэн Үндэстний Байгууллагын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага болох ЮНЕСКО-гоос жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон зарласан нь 1993 он байлаа. 21 жилийн өмнө тунхагласан энэ өдрийн гол зорилго нь чөлөөт хэвлэлийн үзэл санаа, зарчмыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэхэд оршдог. Мөн энэ өдөр албан үүргээ биелүүлж яваад амь насаа алдсан сэтгүүлчдийн дурсгалыг хүндэтгэдэг уламжлалтай.
АНУ-ын “Freedom House” төрийн бус байгууллага энэ оны дэлхийн улс орнуудын хэвлэлийн эрх чөлөөний зэрэглэлийг гаргажээ. Дэлхийн 197 улсаас Монгол улс уг жагсаалтын 74 дүгээрт бичигдсэн байна. Өмнөх онд манай орон 77 дугаарт Болгар улстай хамт бичигдэж байв. Зэрэглэлийг тогтоохдоо 63 улсыг чөлөөт, 68-ыг хагас эрх чөлөөт, 66 улсыг эрх чөлөөгүй гэсэн гурван хэсэгт хуваасан байна. Жагсаалтыг Голланд, Норвеги, Швед улсууд тэргүүлсэн бол Куба, Беларусь, Туркменистан, Узбекистан болон Умард Солонгос улсууд сүүл мушгижээ.
Харин манай хойд хөрш хэвлэлийн эрх чөлөөгөөрөө 176 дугаар байранд Эфиоп, Судан зэрэг улстай эн зэрэгцсэн бол Хятад 183 дугаарт Азербайжан, Лаос, Вьетнам улсуудтай хамт жагсчээ. Хэвлэлийн эрх чөлөөгөөрөө энэ онд Америк 30 дугаарт жагссан бөгөөд өмнөх оноос долоон байр хойшилсон үзүүлэлт гарсан байна.
Дашрамд дуулгахад Монгол Улсад 500 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага үйл ажиллагаа явуулж, тэнд 3000 гаруй сэтгүүлчид ажилладаг юм.
ааа
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ