Монгол Улсын хөрөнгө оруулалтын бодлогод хийсэн дүн шинжилгээг танилцуулжээ
НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хуралын Хөрөнгө оруулалт, үйлдвэрийн хөгжлийн хорооны 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар тус байгууллагаас гаргасан “Монгол Улсын хөрөнгө оруулалтын бодлогод хийсэн дүн шинжилгээний тайлан”-г танилцуулжээ. НҮБ-ын Женев дэх төвд болсон энэхүү хуралдаанд манай улсаас Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат тэргүүтэй төлөөлөгчид оролцсон байна. Мөн гишүүн орнуудын төлөөлөгчид, НҮБ-ын холбогдох агентлагууд, олон улсын бусад байгууллагын төлөөлөл болон гадаадын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид оролцжээ.
Энэ үеэр оролцогчид манай улсын хөрөнгө оруулалтын бодлого, нөхцөл байдал, эрх зүйн орчин болон нөөц бололцооны талаар санал бодлоо солилцов. Түүнчлэн Монгол Улсын зүгээс цаашид хөрөнгө оруулалтын орчныг улам боловсронгуй болгож, тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулагчдад саад бэрхшээл учруулж буй хүнд суртлыг арилгах, чөлөөт өрсөлдөөнийг дэмжих зэрэгт чиглэсэн арга хэмжээнүүдийг тууштай авч хэрэгжүүлэхийн чухлыг онцолжээ. Мөн Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн аж.
Хуралдааны төгсгөлд НҮБ-ын Женев дэх төвийн дэргэд суугаа Монгол Улсын Байнгын төлөөлөгчийн газраас НҮБ-ын ХХБХ-тай хамтран манай орны тухай сурталчилгаа, соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулсан байна.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ