Барьцаалагдсан сурагчдыг суллахыг шаардав

img

Нигерийн нийслэл Абужа хотноо эмэгтэйчүүд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Хоёр долоо хоногийн өмнө исламын зэвсэгт дайчдад барьцаалагдсан 230 сурагч охидыг суллуулж, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахыг Засгийн газраасаа шаардаж, Ерөнхийлөгч Гудлак Жонатанаас тусламж хүссэн байна. Жагсагч эмэгтэйчүүд барьцаалагдсан охидыг суллуулахын тулд Ерөнхийлөгчөө зэвсэгт дайчидтай хэлэлцээ хийх хэрэгтэй гэжээ. Тэд Ерөнхийлөгчөө хэлэлцээр хийж охидыг сулласан тохиолдолд дараагийн сонгуулиар дэмжих болно гэдгээ амалжээ.

Улаан өнгийн цамцаар жигдэрсэн хэсэг жагсагч Нигерийн Үндэсний ассемблейн өмнө олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж эхэлсэн аж. Жагсаалыг Нигерийн эмэгтэйчүүдийн энх тайван, шударга ёс байгууллагаас “Сая эмэгтэйн жагсаал” нэртэйгээр зохион байгуулсан юм.

Өнгөрсөн сарын 26-ний өдөр Исламын зэвсэгт “Боко Харам” бүлэглэлийн дайчид Нигерийн Борно мужийн охидын дунд сургуулийн дотуур байр руу халдаж, 16-18 насны 230 сурагч охидыг барьцаалан авч явсан билээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ