Анжелина Жоли: Би бол азтай бүсгүй
Холливуудын нэрт жүжигчин Анжелина Жоли хэдхэн хоногийн өмнө “abcnews.go.com” ярилцлага өгчээ. Тэрбээр хамгийн сүүлд “Maleficent” кинонд тоглосон юм.
:
-Брэд та хоёрын хамтын амьдрал найман нас хүрлээ. Сонсоход богинохон ч гэлээ туулахад их хугацаанд та хоёр олны нүдэн дээр төгс гэр бүлийг бий болголоо?
-Баярлалаа. Бид бусдын адил хайр, аз жаргал дээр тулгуурлаж гэр бүлээ босгосон.
.
-Хамгийн сүүлд та “Maleficent” кинонд дүр бүтээсэн. Миний сонссоноор энэ уран бүтээлд таны бяцхан охин тоглож, эгдүүтэй төрхөө кадрт мөнхөлсөн гэсэн?
-Тиймээ. Энэ уран бүтээлд миний эрх гүнж Вивьене хамтран тоглосон. Гурав дөрөвхөн үзэгдэлд тоглосон ч гэсэн их чадварлаг. Нуулгүй хэлэхэд, Брэд шиг сайн жүжигчин болохоор санагдсан. Хүмүүс тэр болгон мэдээгүй л дээ. Миний том хүүхдүүд болох Пакс, Захара хоёр ч киноны нэг хэсэгт тоглож, дүрээ бүтээсэн. Тэр хоёр найруулагчийн үгэнд сайн орж миний урмыг хугалаагүй.
.
-Нэг зүйл асуухад Шило охин ч гэсэн “Maleficent” кинонд ах эгч дүү нартайгаа хамтран тоглох гэж байсан?
-Миний амьдралын гол дүрэм бол хүүхдүүдийнхээ өмнөөс хэзээ ч бүү шийдвэр гарга. Шило охин минь өөрөө тоглохыг хүсээгүй. Тэр киноны зураг авалтад оролцох цаг хугацаагаа илүү уран бүтээлч зүйлд зарцуулахыг хүссэн. Охин минь энэ тухайгаа надад хэлэхэд би ямар их баярласан гээч. Тэгэхдээ Шило охин минь аавтайгаа хамт “Бенжамин Баттоны хачирхалтай хэрэг” кинонд олны хэсэгт тоглож бидний бахархал болсон шүү дээ.
.
-“Maleficent” кинонд хүүхдүүдээ тоглуулахаар болсонд Брэд уурласан уу?
-Үгүй. “Maleficent” киноны зохиол Брэдэд таалагдсан.
.
-“Disney” кино компанийн ээлжит бүтээл “Нойрсож буй гоо бүсгүй” хүүхэлдэйн киноноос сэдэвлэн бүтээж буй “Maleficent” киноны анхны трэйлэр албан ёсоор цацагдлаа. Энэ сарын дундуур албан ёсоор нээлтээ хийнэ. Уг киноны гол дүрд хорон санаат шулмын дүрд та тоглож байгаа. Кино сонирхогчид танаас төгс зүйлийг хүлээж буй?
-Аймшигтай санагдаж байна. Би хэд хоногийн өмнө хэдэн найзтайгаа вино уусан юм. Бид 2-3 цаг нөхөр болон хүүхдүүдийнхээ тухай ярилцаж, цаг хуваарилалт, жирэмслэлт, хүүхдүүд, улс төр гээд л бүхий л сэдвээр ярилцаж үзэл бодлоо хуваалцсан. Би хэсэг хугацаанд тэдний яриаг сонсож байснаа, тэднээс яагаад ажил хөдөлмөрийн тухай ярилцахгүй байгааг асуухад найзууд минь “Жоли чи бол гайхалтай жүжигчин. Чиний бүх кино төгс байдаг. Удахгүй нээлтээ хийх “Maleficent” кино ч гэсэн төгс байна гэдэгт итгэлтэй байна” гэж хэлсэн. Тэгэхдээ энэ бүхэнд би баярлахын оронд тэдэнд гомдсон. Тэд төгс гэх үгээр далдалж, миний үнэнийг илчлэхийг хүсээгүй. Яг л кино шүүмжлэгчид шиг. Кино шүүмжлэгч нар шинэ уран бүтээлийг минь үзчихээд, гайхалтай уран бүтээл байна хэмээн магтдаг харин маргааш нь үгийн муухайгаар гоочилж бичсэн байдаг. Сэдвээсээ гажсанд минь уучлаарай. Би эмэгтэй, жүжигчин, ээж хүн байлаа гээд төгс байх учиргүй. Эр хүн аав, эцэг байлаа гээд хад шиг байх учиргүй. Сүүлд тоглосон “Maleficent” кино бол 1959 онд гарч байсан “Нойрсож буй гоо бүсгүй” хэмээх хүүхэлдэйн киноноос сэдэвлэн бүтээсэн кино. Кино сонирхогчдод таалагдана гэдэгт итгэлтэй байна.
.
-Та энэ бүтээлд шар нүд, аймшигтай улаан уруул, тас хар эвэртэй толгойн алчуур зэрэг нь эрт цагийн хорон санаат хатан хаан болж хувиргасан. Харин сайхан сэтгэлт Аурора гүнжийн дүрийг залуу жүжигчин Элле Фанинг бүтээж буй. Олон жил урлагт зүтгэсний хувьд Элле хэр дүрдээ орсон гэж бодож байна?
-Бид хоёр зураг авалт эхлэхээсээ өмнө кофе хамтдаа ууж, ертөнцийн тухай ярилцдаг. Бид нэг нэгнээ илүү их мэдэрсэн цагт энэхүү уран бүтээл минь илүү амьд болох учиртай. Элле Фанинг энэ уран бүтээлд тоглосноороо өөрийгөө баталсан. Тэр бол залуу, үзэсгэлэнтэй энэ цаг үеийн сайхан сэтгэлт Аурора гүнж.
.
-Та кинонд тоглож дуусаад зан үйл үйлддэг үү?
-Тиймээ. Би 9 настай байхдаа анхныхаа кинонд тоглосон цагаасаа л нэг сонин гэмээр зан үйлд үйлддэг болсон. Тэр бол хөлсөө гартал бүжиглэх. Би хөлсөө гартал бүжиглэж байж хийсвэр дүрээс арай гэж нэг юм гардаг.
.
-Айлын эзэгтэй, эх хүний үүргийг гүйцэтгээд нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Та энэ үед хүүхдүүд болон нөхөртөө гомдож үзсэн үү?
-Айл гэр бол вант улс. Вант улс дотор үргэлж аз жаргал хүрээлэх сайн ч гэлээ нэгэн хэвийн уйтгартай. Нөхөртэйгээ хэрэлдэх муудалцах үе зөндөө бий. Тэгэхдээ хүүхдүүдээ бодож тэвчдэг.
.
-Гэр бүлийн аз жаргал юу вэ?
-Хүүхэд.
.
-Та Брэдтэй нэг гэрт орохоосоо өмнө хэд хэдэн удаа гэрлэсэн. Бас чамгүй олон залуустай болзож, уулзаж байсан. Яагаад Брэдийн хүүхдүүдийг төрүүлэхээр шийдсэн юм бэ. Брэдийн юу нь таныг татдаг вэ?
-Би Брэдэд ухаангүй хайртай. Хайр гэх ганц шалтгаан түүний хүүхдүүдийг төрүүлсэн. Би бол азтай бүсгүй.
.
-Жоли бол зургаан хүүхдийн эх. Зургаа бол залуу гэр бүлийн хувьд их тоо. Сүүлийн үед таныг дахин хүүхэд өргөж авна гэх цуу яриа тархлаа?
-Энэ бол үнэн. Тэгэхдээ энэ талаар ярьмааргүй байна. Бүтэхгүй байж магад.
.
-Мөнгө, эрх мэдэл, хайр, хүүхэд, гоо үзэсгэлэн, нөхөр энэ бүхнээс нэгийг сонго гэвэл?
-Хүүхэд.
.
-Хэрвээ та өнөөдөр үхэхээ мэдвэл яах вэ?
-Нөхөр хүүхдүүдээ тэврээд аз жаргалтайгаар хорвоог орхих болно.
.
-Харамсахгүй гэж үү?
-Үгүй. Харамсахгүй. Үхэх тэр мөчид тэд нар хажууд минь байвал тэгээд л боллоо.
.
-Өнгөрсөн сарын сүүлчээр Ирак улсад найман настай охидыг 35-аас дээш насны эрчүүдтэй гэрлэхийг зөвшөөрсөн хууль батлагдсан. Энэ тухай?
-Аймшигтай. Найман нас дэндүү балчир. Яагаад ийм хууль батлагдсаныг ойлгохгүй байна. Бурхан минь миний Захара охин шиг жоохон юм байна шүү дээ. Эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж буй бүх улсад ардчиллын нар тусаасай.
.
-Украины хямрал Холлиувуудын оддын анхааралд ороод буй. Та улс төр хэр сонирхдог вэ?
-Мэдээж хэрэг дэлхий нийтээрээ аз жаргалтай байх учиртай. Энэ асуудал миний сэтгэлийг өвтгөж байгаа. Дотоодын хямралаас болж хэдэн хүүхэд хохирч байгаа гэхээс зүрх минь урагдаж байна. Украины ард түмэн ухаантай учир энэ бүх асуудлыг хурдхан шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна. Украин ч гэлтгүй Сири, Ливи, Египетэд хүүхдүүдийг хүчирхийллийн зэвсэг болгохыг хориглох хэрэгтэй.
.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ