Тендертэй холбоотой гомдол ихэссэн гэв
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт тендертэй холбоотой асуудлаар гомдол санал ирэх нь ихэсчээ. Тодруулбал, өнгөрөгч оны турш тус газарт 23 гомдлыг хянан, шийдвэрлэж байсан бол энэ оны гарснаас хойш дөрвөн сарын хугацаанд 32 гомдол иржээ.
s
Энэ тухай ШӨХТГ-ын Өрсөлдөөнийг зохицуулах хэлтсийн дарга Л.Ган-Өлзий “Манай агентлаг Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр хийх худалдан авах ажиллагаа буюу Тендерийн хуулийн хүрээнд хяналт тавьж ажилладаг. Энэ хуулиар тендерт оролцогсод тендерийн баримт бичгийг худалдан авч, сонгон шалгаруулалтдаа бэлтгэдэг. Ирсэн гомдлуудыг хянаж үзээд тендерийн баримт бичигт өрсөлдөөнийг хязгаарласан зөрчлийг илрүүлсэн. Тендерийн захиалагч нар төрийн байгууллага бөгөөд илт өрсөлдөөнийг хязгаарласан шинжтэй байсан юм. Тодруулбал, тендер сонгон шалгаруулалтын шалгуур үзүүлэлт нь өндөр байсан. Үүний улмаас тендерт оролцогч, өрсөлдөгчдийн тоо багасч, өрсөлдөөн арилдаг сөрөг талтай. Хоёрдугаарт, тендерийн баримт бичгийг боловсруулахад ямарваа аж ахуй эрхлэгчийн барааны тэмдэг, нэрийг тусгайлан заах хориотой байдгийг зөрчсөн байсан” гэж ярьсан.
sa
Одоогийн байдлаар 32 гомдлын 31-ийг нь хянан шийдвэрлээд, нэгийг нь шалгаж байгаа аж. Иргэдийн нэг дутагдалтай тал нь олон нийтэд задарч, нээлтээ хийсэн тендертэй холбоотой гомдлуудыг ирүүлдэг байна. Гэтэл нээлтээ хийсэн тендерт хяналт хийж, гэрээнд нь өөрчлөлт хийх боломж, зохицуулалт ШӨХТГ-т байдаггүй аж. Хэрэв аж ахуй нэгж хуулийн этгээд тендертэй холбоотой гомдол санал гаргах тохиолдолд нээлтээ хийхээс өмнө ШӨХТГ-т хандахыг анхааруулсан.
as
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ