З.Энхболд Ерөнхий сайд болж, “Женко” Х.Баттулга Шадар сайд болох төлөвлөгөө нурлаа
“Женко” Х.Баттулга, З.Энхболд нарын хамтарсан тоглолт дахин бүтэлгүйтэв. Ерөнхий сайд Н.Алтанхуягийг танхимтай нь огцруулж, АН-ын даргын сэнтийг өөрсдийн болгох төлөвлөгөө нь ийнхүү нурлаа. АН дахь “Анти Алтангадас” бүлэглэлийн зүгээс Ерөнхийлөгчийн санаачилсан “Давхар дээл” тайлах тухай хуулийн төслөөр бамбай хийж шинэчлэлийн Засгийн газрын түүхэнд цэг тавих гэсэн энэ оролдлого тэдний хувьд анхны дайралт биш юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө тухайн үеийн сөрөг хүчинд засаглалын эрх мэдлээ тогтоох гэсэн бүлэглэлүүдийн ашиг сонирхол дээд цэгтээ хүрснээс энэ бүхэн эхтэй. Тиймээс улс төрийн тавцнаа яг одоо эрчээ авсан үзэгдлүүдийн талаар дурдахаас өмнө “Женко” Х.Баттулга, З.Энхболд тэргүүтэй хүмүүс Н.Алтанхуягийг АН-ын даргаас унагаж, улс төрд ганцаардуулах, бүр хүчгүйдүүлэх тактикийг хэрхэн хэрэглэж байсныг өгүүлье.
ө
“Улс төрийн нам бол үзэл бодол, үйл хэргээрээ эвлэлдэн нэгдсэн хүмүүсийн нэгдэл” гэдэг. Үндсэн хуульд энэ тухай тодорхой заасан нь ч бий. Харин АН бол өөрийн гэсэн онцлогтой нам. Товчхондоо, дотроо маш олон фракцитай. Одоогоос 14 жилийн өмнө улс төрийн таван нам нэгдэж, эрх баригч хүчний түүх эхэлж байсан юм. Тэр цагаас хойш УИХ-ын 2004, 2008 оны сонгуульд хэдийгээр олонхи болж чадаагүй ч тухайн үеийн МАХН-тай их эвслийн, үндэсний эв нэгдлийн болон хамтарсан Засгийн газрыг байгуулж байсан удаатай. Бүр тодруулбал, экс эрх баригч хүчний тэргүүн асан С.Баяр УИХ-ын 2008 оны сонгуулийн дараа АН-ынханд хамтарсан Засгийн газар байгуулах тухай санал тавьж байв. Бүр түүнийгээ “Стандарт бус” хэмээн тодотгосон нь ч бий. Харин Ц.Элбэгдоржийн дараа АН-ын дарга болсон Н.Алтанхуяг “Үг хэл, үйл хөдлөлөөрөө өрсөлдөн тэмцэлдэж байснаас үндэсний эрх ашгийг тэргүүнд тавьж эрх баригчидтай хамтран ажиллах нь зөв” хэмээн үзсэн учраас С.Баярын саналыг хүлээн авсан. Ингээд С.Баяр ялсан намын дарга учраас Ерөнхий сайдаар улиран ажиллаж, Н.Алтанхуяг Тэргүүн шадар сайд болсон билээ. Тэр ч атугай “Женко” Х.Баттулга тэргүүтэй эрхмүүдийг МАХН-тай хамтарч бүрдүүлсэн танхимын сайдаар ажиллуулж байв. Гэвч АН дахь “Анти Алтангадас” бүлэглэлийнхэн Н.Алтанхуяг тийш нумаа татацгаах нь тэр. Хамгийн сонирхолтой нь намын даргатайгаа хамт хамтарсан Засгийн газарт Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан Х.Баттулга энэ бүлэглэлийг гардан удирдаж байв.
ө
2010 оны өвлийн нэгэн үдэш. Хотын төвийн нэгэн зоогийн газарт “Женко” Х.Баттулга, З.Энхболд тэргүүтэй нөхөд сэм болзов. Энэ үеэр тэд “Ерөөсөө Н.Алтанхуягийг “Алтангадас”-тай нь хамт унагая. Намын даргын суудлыг нь өөрсдөө авъя. Ингэхийн тулд эхлээд түүнд хамтарсан Засгийн газраас гарах шаардлага тавья” хэмээн тохиролцож, АН-ын дарга Н.Алтанхуягаас эрх мэдлийг нь булаан авах зорилго бүхий Ардчилсан хүчний холбоог байгууллаа. Улс төр, эдийн засгийн ашиг сонирхлоо тэд ийнхүү “Ардчилсан” гэх үгээр халхавчилсан хэрэг. Харин тэдний байгуулсан холбоонд МоАХ, соцдекүүд, “Зүүн хойд Ази”-ийнхан, МҮДН-ынхан, мөн Элбэгээгийн фракцийнхан багтав. З.Энхболдыг Ардчилсан хүчний холбооны ерөнхийлөгчөөр сонгож, С.Эрдэнэ тэргүүтэй хүмүүсийг дэд ерөнхийлөгчийн суудалд заллаа. Ажил хэрэгч, АН-ыг шинэчлэх эрмэлзэлтэй байгаа мэт дүр эсгэж тэд Ардчилсан хүчний холбооны анхдугаар чуулганыг Төрийн ордонд зохион байгуулсан ч удаатай. Гэвч “Женко” Х.Баттулгад Н.Алтанхуягийн эрх мэдлийг булаах хүсэл байсан ч хамтарсан Засгийн газар дахь сайдын суудалдаа хоргодож, Ардчилсан хүчний холбооныхонтой хөшигний цаана уулзахаас хэтрэхгүй байсан тал бий. Харин улс төрд “С.Баяр, С.Батболд нарын танхимд байгаа АН-ын нөхдөөс Х.Баттулга л Засгийн газраас, улмаар эрх баригч хүчний “Халаасны өрөө”-нөөс гарахыг тунхаглаж байна” хэмээн хэвлэлүүдээр өөрийгөө магтуулахаа мартсангүй. Яг одоо “Н.Алтанхуягийн танхимын сайд нараас “Давхар дээл”-ээ тайлахын төлөө санал өгсөн цор ганц сайд” гэж өргөмжлүүлж байгаа шигээ! Гэхдээ энэ бүхэн Х.Баттулга хэмээх социализмын үеийн материал техникийн баазуудад эзэн суусан олигархийн хувьд түүх болж үлдсэн. Олигархийн замналаа улстөрчийн “баг”-аар сольсон түүний шунал Монголын төрд халгаатай хэвээр байна. Учир нь З.Энхболд тэргүүтэй хүмүүстэй хамтран байгуулсан Ардчилсан хүчний холбооны үйл ажиллагаа Н.Алтанхуяг УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө С.Батболдын танхимаас намынхантайгаа гарч, сонгуульд АН-ыг удирдан оролцож, ялсан намын даргын хувьд Ерөнхий сайд болсноор бараг дуусгавар болсон билээ. Шинэчлэлийн Засгийн газрын танхимд Ардчилсан хүчний холбоог байгуулж, Н.Алтанхуягийн эсрэг явсан Х.Баттулга, Н.Батбаяр, Д.Ганхуяг, С.Эрдэнэ нар сайдаар заларсныг дурдахад илүүдэхгүй биз. Харин тус холбооны ерөнхийлөгч З.Энхболд УИХ-ын дарга!
ө
“З.Энхболд Ерөнхий сайд болно...”. Ийм утгатай мэдээлэл УИХ-ын 2012 оны сонгуульд АН ялсны маргааш зарим хэвлэлд гарсан. Гэвч энэ таамаг бодит байдалтай зөрсөн нь өнгөрсөн үйл явцаас тодорхой харагдана. Гэхдээ З.Энхболд яагаад Ерөнхий сайд болоогүй вэ. Үүний хариулт тун товчхон. Аль ч намын дүрэмд “Сонгуульд нам ялбал намын дарга Ерөнхий сайд болно” гэж заасан байдаг. Тиймээс энэ дүрмийн дагуу Н.Алтанхуяг Ерөнхий сайд болж, З.Энхболд УИХ-ын дарга болсон билээ. Монгол төрийн гурван өндөрлөг гэдэг талаас нь дүгнэвэл, тэд хоёр өндөрлөгт нь ийнхүү гарсан хэрэг. Эрэмбээр нь яривал З.Энхболд Монгол төрийн хоёр дахь хүн, харин Н.Алтанхуяг гурав дахь нь. Учир нь УИХ Засгийн газрын танхимыг бүрдүүлэхэд “виз” олгож, үйл ажиллагаанд нь хяналт тавих эрх бүхий субъект. Харин Засгийн газар гүйцэтгэх засаглалын эрх, үүрэг бүхий институци. Эл байдлаас харвал, З.Энхболд хүссэн эрх мэдэлдээ хүрсэн мэт. Олон нийт ч, улстөрчид ч өнгөрсөн хоёр жил шахам хугацаанд ийм л гаргалгааг хийж байсан. Гэтэл тийм биш байж. З.Энхболд УИХ-ын дарга биш, Ерөнхий сайд болох амбицтай аж. Тэр тусмаа эрх баригч хүчин болох АН-ын дарга болох хүсэлтэй явсан юм байна. Түүний энэ хүсэл, шунал УИХ-аар “Давхар дээл” тайлах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр бүр ч хурцаар илэрлээ. Тиймээс хэвлэлүүдэд “Н.Алтанхуягийн Засгийн газар огцорвол З.Энхболд Ерөнхий сайд болно” гэх мэдээг дахиад л “шууруулах” нь тэр. Яагаад тэр вэ? Үүний хариулт тун тодорхой. Монгол Улсын Засгийн газарт төсөв захиран зарцуулах эрх мэдэл бий. Хэдэн зуун тэрбум төгрөгийн өртөг бүхий бүтээн байгуулалтын ажлуудыг салбар, салбарт хэрэгжүүлдэг. Нэг ёсондоо, З.Энхболдод УИХ-ын 76 гишүүний хэл ам, хэрүүлийг зохицуулснаас хэдэн тэрбумыг захиран зарцуулах эрх мэдэл бүхий гүйцэтгэх засаглалын тэргүүнээр ажиллах эдийн засгийн ашиг сонирхол байгаа бололтой. Тиймээс тэрбээр Н.Алтанхуягт үргэлж атаархаж, албан тушаалд нь санаархаж, энд, тэнд ил, далд хор найруулж явдаг “Женко” Х.Баттулгыг дахин хань татав. Өмнөх “жүжиг”-ээ үргэлжлүүлж, Н.Алтанхуягийн тэргүүлж буй Засгийн газрыг огцруулах төлөвлөгөөгөө “Давхар дээл” тайлах тухай хуулийн төслөөр далимдуулан хэрэгжүүлэхийг оролдлоо. Бүр дараагийн Засгийн газрыг хэрхэн байгуулах “зураг”-аа зурж, “З.Энхболд гэдэг Ерөнхий сайд, “Женко” Х.Баттулга гэдэг Шадар сайдтай байна” хэмээн ярилцаж тохирсон нь улстөрчдийн сонорыг хэдийнэ мялаажээ. Гэвч тэд дахиад л хоосон хана мөргөв. Хүний, өөрийн намынхантай хүч хавсран Н.Алтанхуягийн танхимынхны “Давхар дээл”-ийг яг одоо тайлуулъя” гэж УИХ-ын чуулган дээр товчлуур дарсан ч хуулийн төсөл бүхэлдээ уначихлаа. Харин З.Энхболд “Монголын парламентын түүхэнд анх удаа эцсийн хэлэлцүүлэгт орсон хуулийн төсөл уналаа” хэмээн шазуур зуусаар үлдэв. Ичсэн нэрэндээ “Женко” Х.Баттулга нь “Давхар дээл”-ээ тайлдаг баатар болохоор огцрох хүсэлтээ гаргачихаад байна. Эрх мэдэл, албан тушаалын төлөөх хүсэл, шунал хэзээ ч ханадаггүйн жишээ энэ бололтой. Тэр тусмаа З.Энхболд, “Женко” Х.Баттулга хоёрын тухайд!
а
Г.Цацрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ