Малала барьцаалагдсан охидыг аврахыг уриалав
Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагч Пакистан охин Юсафзай Малала Нигерийн хэт даврагч “Боко Харам” бүлэглэлд барьцаалагдсан 200 гаруй сурагч охидыг аврахыг хүсч, орон орны төрийн тэргүүн, удирдах албан тушаалтнуудад захиа явуулсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тэрбээр хамгийн эхэнд Өмнөд Суданд айлчилж буй НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд захиа явуулсан байна. Захидалд “Хүчирхийлэлийн золиос болж, харах нүдээ таглуулсан хөөрхий охидод туслахыг чин сэтгэлээсээ хүсч байна. Энэ бол орхиж болохгүй сэдэв. “Боко Харам” бүлэгт баригдсан сурагч охидыг заавал аврах хэрэгтэй” гэж бичжээ.
НҮБ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах холбооноос “16 настай Малала охин Бан Ги Мүнээс гадна АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама, Их Британы гүнж Кейт Миддилтон, Германы Канцлер Ангелиа Маркель, Аргентины Ерөнхийлөгч Кристина Фернандес гэх хүчирхэг эмэгтэйчүүдэд “Боко Харам”-бүлэглэлд барьцаалагдсан охидыг аврахыг уриалсан” гэж мэдэгдэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ