Гадаадын 15 улс орноос бүтээл ирүүлжээ

img

Гадаадад  амьдарч буй иргэдийнхээ эх орныхоо хөгжилд  хувь нэмрээ оруулахаар гаргаж буй бүтээлч, шинэ санаачлагыг дэмжих, зохион бичлэгээрээ дамжуулан төр засагтаа санал бодлоо хүргэх боломжийг бүрдүүлэх зорилгоор зарласан „Эх орныхоо хөгжилд – Миний оролцоо“ сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд ирсэн бүтээлүүдийг шалгаруулж дүнг зарласан.

Уралдаанд нийт 15 улс оронд сурч, ажиллаж амьдарч байгаa Монгол Улсын иргэдээс 89 бүтээл ирүүлжээ. Зохион байгуулах комиссоос  бүтээлийг шалгаруулахдаа уралдаанд тавьсан ерөнхий шалгуурууд болон тухайн бүтээлд уншигчдын өгсөн саналыг харгалзан үзсэн ба эх орныхоо хөгжилд хувь хүний гаргаж буй тодорхой санал санаачлага, боломжоо тусгасан байдлыг анхаарч, оролцогчдыг 25 хүртэлх ба 25-аас дээш насны гэсэн хоёр ангиллаар шалгаруулж  энэ сарын 14-ний өдөр шагналыг ар гэрийхэнд нь гардуулан өгөв.

Уралдааны тэргүүн байрыг Ирландын   Дублин хотын Дублины их сургуулийн мастер Адьяагийн Наранбаатар  “Монгол орны хөдөө аж ахуйн салбарын хөгжилд миний оролцоо”, БНХАУ, Бээжин хот– Олон улсын бизнес эдийн засгийн их сургуулийн оюутан Мөнхболдын Гандуулга “Монгол улсынхаа төлөө зүтгэе” бүтээлээрээ тус тус хүртэж  Ерөнхий сайдын өргөмжлөл, 500,000 төгрөгөөр шагнууллаа.

Харин Дэд байрыг БНСУ, Сөүл хот Корея их сургуулийн оюутан Нарангэрэлийн Баяржаргал “ Сая саяаараа өсч байгаа шүү, итгээрээ эх орон минь”, Босниь Герцеговинагийн холбооны улс, Сараева хот олон улсын Бурч их сургуулийн оюутан  Хүрэлжээгийн  Батбилэг   “Дэс дараалалтай хэрэгжүүлбэл хөгжлийн түлхүүр” бүтээлээрээ тус тус хүртэж  зохион байгуулагч ЗГХЭГ болон БСШУЯ-ны сайдын хамтарсан өргөмжлөл 250,000 төгрөгийн шагнал авч байгаа юм байна.

Гутгаар байрт  БНХАУ, Бээжин хот, Улс төрийн шинжлэх ухааны их сургуулийн оюутан Дорждэрэмийн  Болд   “ Эх орныхоо хөгжилд миний оролцоо”, АНУ. Сан-Франциско. CPU east bay их сургуулийн оюутан  Амарбат Тэмүүлэн   “Тэнгэрлэг монголын хийморлог хүмүүс бид хамтдаа” бүтээлээрээ тус тус шалгарч зохион байгуулагч ЗГХЭГ болон БСШУЯ-ны сайдын хамтарсан өргөмжлөл 100,000 төгрөгөөр шагнуулжээ. Түүнчлэн хилийн чанадаас бүтээлээ ирүүлсэн 10 залуу тусгай байрын шагналыг хүртжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ