Газрын харилцааны эрдэмтэн, судлаачид уриалга гаргав

img

УИХ-ын чуулганаар “Газрын тухай хууль, түүнийг дагалдах багц хуулиудын төсөл”-ийг хэлэлцжэж байгаатай холбоотойгоор Газрын харилцааны асуудлыг судлагч эрдэмтэн, судлаачид, иргэдийн төлөөлөл өнөөдөр Төрийн ордоны Г танхимд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд энэ үеэр УИХ-аар хэлэлцэгдэж байгаа Газрын тухай хууль нь маш нухацтай авч үзэх чухал асуудал. Газар эзэмших, ашиглах тухай тухай ойлголт нь тодорхой бус байна. Өнөөдөр амьдарч байгаа та бидэнд биш ирээдүйд үр хүүхэд, хойч үедээ үлдээх өв минь учраас энэ хуулийн үг өгүүлбэр бүхнийг анхаарах хэрэгтэй. Тиймээс энэ хуулийг УИХ-аар яаравчлан батлахаас өмнө монголын нийт ард түмний дунд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, санал асуулгаар шийдвэрлэх ёстой. Өнөөдөр бид уул уурхайг хэт шүтэж, газар нутгаа, хөрс шороогоо хайхрахгүй байна. Энэ чигтээ явсаар л байвал бид  ухсан нүх овьоолсон шороон дунд үлдэх бололтой хэмээн онцолж байв. Мөн тэд энэ үеэр “Газрын тухай хууль, түүнийг дагалдах багц хуулиудын төсөл”-тэй холбоотойгоор уриалга гаргасныг хүргэж байна.

й

"Газрын тухай хууль, түүнийг дагалдах багц хуулиудын төслийн тухай Газрын харилцааны эрдэмтэн, судлаачдаас гаргаж буй уриалга

йы

Газар бол улсын тусгаар тогтнолын баталгаа, улс орон оршин тогтнохын өнөөгийн ба ирээдүйн үндэс суурь. Газар бол үндэстэй бүхэн дэлгэрдэг, үртэй бүхэн өсөн үрждэг Байгаль эх, Эх орон юм. Хүн төрөлхтөн байгалиас бүх хүнсээ авдаг, амьдралын бусад хэрэгцээгээ хангадаг. Улсын газар дээр зөвхөн өнөөгийн бид амьдарч, түүнийг ашиглаад дуусах биш, бидний ирээдүй хойч үе улиран олон мянган жил оршин тогтнох учиртай. Иймээс газрыг эрх тэгш өмчлөгч, эзэмшигч, ашиглагчид нь  зөвхөн өнөөдрийн бид биш, бидний ирээдүйнхэн мөн.

й

Монгол нутагт төрт улс үүссэн, оршин тогносон түүхэнд 1992 оныг хүртэл газрыг нийтээр эзэмшиж, хамгаалж, хадгалан хойч үе бидэндээ дамжуулан өгчээ. Сүүлийн хориод жилд ашигт малтмалын лиценз, нийслэлийн газрын наймаа дэлгэрч, дэлхийд анхны дархан цаазат Богд хан уулаа “зайсандаж”, эдгээрээс үүдэлтэй авилга дэгдэж,  үндэслэлгүй баяжих үүд хаалга нээлттэй байна. Газар, байгаль, ашигт малтмалаа өнөөгийн ба ирээдүйнхээ эрх ашигт нийцүүлэн хэрэглэх, хамгаалахын төлөө төр, нийгмийн зарим зүтгэлтэн, иргэд, иргэний нийгмийн байгуулагууд идэвх чармайлт гаргаж, бачимдсан хэсэг нь эрслэн тэмцэж байна. Гэвч зохих үр дүн гарахгүй, төр, засагт дуу хоолой нь хүрэхгүй сэтгэл, итгэл нь бөхөж байна.

ы

УИХ-аас баталсан газрын бодлогын баримт бичиггүй, салбарын явцуу сонирхолоор газрын бодлогод хандаж ирсэнийг Эх орны өмч, ард түмний мэдэл, төрийн зохицуулалтад байх газрын  эрх зүйн үзэл баримтлал гажуудах, Газрын ерөнхий хуулийг чанартай боловсруулахын гол саад гэж үзэж болохоор байна. Засгийн газраас санаачлан Газрын тухай хууль түүнийг дагалдуулан УИХ-аар батлуулахаар өргөн барьсан хуулиудын төсөл нь Улс, Эх орны өнөөгийн ба ирээдүйн газрын харилцааны эрх зүйн бодлого, зарчим, удирдлагын тогтолцоо, зохицуулалтын арга, хэлбэр зэрэг үндсэн асуудлыг  цогцоор шийдвэрлэх чадамжгүй болжээ гэж үзэж байна. Үүнийг газрын төлөө нэгэн насаараа зүтгэсэн ахмадууд, энэ чиглэлийн эрдэмтэн, судлаачид нотлож байгаа болно.

ый

Газрын харилцааны хууль, эрх зүйн зохицуулалтын дэлхийн улс орнуудын болон өөрийн орны түүхийн оноо, алдааг дэнслэн Газрын ерөнхий хуулийг чанартай, олон жилийн настай, сайн боловсруулан батлах түүхэн боломж тохиож байна. Газрын ерөнхий хууль ба түүнийг дагалдан гарах хуулийн төслийг боловсруулахад иргэн бүрийн санал, оролцоо, Эх оронч итгэл, үнэмшилд суурилсан үйл ажиллагаа чухлаас чухал болоод байна. Засгийн газар өргөн барьсан хуулийн төслөө сайн дураараа эгүүлэн татаж,  иргэдийнхээ оролцоотойгоор хуулийн төслийг дахин боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэн батлуулахыг уриалж байна” гэлээ.

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ